Б.Баярдаваа: Нийлүүлэлтээс үүдсэн инфляцын өсөлтөд төв банк хариу үйлдэл үзүүлэх боломжгүй
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа инфляцтай холбоотойгоор сэтгүүлчдэд өгсөн тодруулгыг хүргэж байна.
-Инфляцын өсөлтөд яг юу нөлөөлж байна вэ?
-Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Эдийн засаг хямралын хүнд үеэс сэргэж гарч байгаа үзэгдэл инфляцын өсөлтөд нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна. Түүнчлэн гадаад болоод дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлстэй холбоотой асуудлууд инфляцад нөлөөлж байна. Задлаад хэлбэл, хамгийн гол нөлөөлөл дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагасан бензиний үнийн өсөлт. Бензиний үнэ зөвхөн Монголд ч гэлтгүй дэлхий нийтийн инфляцад нөлөөлж байна. Дараагийн инфляцад нөлөөлж буй хүчин зүйл бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт. Дэлхийн хүнсний үнийн индексийг харвал 30-40 хувийн өсөлттэй буюу хамгийн бага түвшнээс дээш гарчихсан байна. Товчхондоо хямралын үеийн өмнөх түвшнээс дэлхийн хүнсний индекс 20 орчим хувиар өсчихсөн байгаа юм. Энэ нь дотоодын хүнсний үнэд нөлөө үзүүлж байна. Нөгөө талдаа улирлын шинж чанартай буюу махны нийлүүлэлттэй холбоотойгоор махны үнэ инфляцад багагүй нөлөө үзүүлж байна. Ер нь түүхэн байдлыг нь харах юм бол нийт инфляцын 40 орчим хувьд нийлүүлэлтийн савлагаатай үнийн өөрчлөлт нөлөө үзүүлдэг.
Тухайлбал, мах, хатуу түлш, бензин зэргийн үнийн өсөлт инфляцад багагүй нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тухайлбал, өнгөрсөн зургаадугаар сарын Улаанбаатар хотын инфляц 7.1 хувьтай өндөр гарсан. Гэхдээ нийслэлийн хэмжээнд шүү. Улсын хэмжээнд бол энэ тоо арай бага гарсан. Тэгэхээр 7.1 хувь гэсэн инфляцын нийтдээ гурван нэгж хувийг мах, хатуу түлш, бензин гэсэн гурван бараа бүтээгдэхүүн эзэлж байх жишээтэй.
-Тэгэхээр үнэ нь байнга хэлбэлздэг зүйлсээс үүдэн инфляц өсөх болгонд Монголбанк мөнгөний бодлого явуулаад хариу арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ талаар?
-Монголбанкны Ерөнхийлөгч “Нийлүүлэлтийн шинж чанартай инфляц дээр бид маш болгоомжтой хандана. Төдийлөн хариу үйлдэл үзүүлэхгүй” гэдгээ илэрхийлсэн. Яагаад гэхээр хэдийгээр нийлүүлэлт буюу гадаад шалтгаантай холбоотойгоор инфляц өсч байгаа ч гэсэн дотоодод эдийн засгийн сэргэлт бүрэн явагдаагүй, дөнгөж сэргэж эхэлж буй үе шатандаа байна.
Дотоодын эдийн засгийн өсөлт жигд бус байна гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр үйлчилгээний салбар эмзэг байна. Энэ салбарт маш их ажлын байр хадгалагддаг. Энэ оны нэгдүгээр улирал болон 2020 оны дөрөвдүгээр улиралд өрхийн хэрэглээ буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт маш эмзэг, жигд бус байгааг илэрхийлж байна. Тиймээс сэргэлтийг хязгаарлах хэмжээнд нийлүүлэлтийн шинж чанартай инфляцад Төв банк хариу үйлдэл үзүүлэхээс болгоомжилж байгаа юм.
Мөн инфляцын багагүй хувийг гадаад шалтгаантай тээвэр, ложистиктой холбоотой дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн дотоодод хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь тайлбарлаж байгаа үед мөнгөний бодлогоор тохируулга хийхдээ Төв банк маш болгоомжтой хандах нь зүйн хэрэг. Учир нь нөгөө талдаа эдийн засгийн сэргэлтийг хязгаарлачих вий гэдэг болгоомжлол байна гэсэн үг.
-Шатахуунаас үүдсэн инфляцын өсөлтийг зохицуулахад маш төвөгтэй гэдэг. Тэгэхээр ямар бодлогоор зохицуулах нь зүйтэй вэ?
-Энэ бол маш төвөгтэй инфляцын түүх. Бензиний үнэ дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн шокоор өдөөгдсөн. Нефтийн үнэ, бензиний үнэ зардлын шинж чанартай. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн зардлаар дамжиж бараа бүтээгдэхүүний үнэ, өртөгт шингэж үнэд нөлөө үзүүлсэн инфляц байдаг.
Гэтэл зардлаар өдөөгдсөн инфляц дээр эрэлтийн хэрэгслээр тулгуурласан бодлогын арга хэмжээ авна гэдэг төдийлөн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ нефтийн үнээс үүдэлтэйгээр инфляцын эхний үе, хоёр дахь үеийн нөлөө гэж бий. Эхний үеийн нөлөөнөөс илүүтэйгээр хоёр дахь үеийн нөлөөгөөр инфляц цааш ужгирах нөхцөл байдал үүссэн үед Төв банкны мөнгөний бодлогоор тодорхой хэмжээний тохируулгыг хийх шаардлага үүснэ л дээ.
Эх сурвалж: Монголбанк