Монгол, Турк хоёрын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох боломжийн талаар ярилцав
Монгол, Туркийн Засгийн газрын хооронд 2018 онд байгуулсан “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан уг хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын төлөөлөгчид цахим уулзалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулав.
Уулзалтыг Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Туркийн талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Ахмэт Эрдэм нар нээж, үг хэлэв.
Хоёр талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон техникийн асуудлуудыг зохицуулах, хэрэглэх баримт бичгийн маягт, хамрагдах иргэдийн талаар ярилцаж үйл ажиллагаагаа уялдуулах талаар тохиролцов.
Турк улсад ажиллахдаа албан журмын болон сайн дураар даатгалаа төлж байгаа иргэд энэхүү хэлэлцээрт хамрагдах бөгөөд тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, улмаар БНТУ болон Монгол Улсын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох, авах боломжтой болох юм. Туркийн Шилжилт хөдөлгөөний газраас гаргасан мэдээгээр 2021 оны эхний байдлаар 1305 монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр оршин суудаг байна.