Эдийн засагОнцлох

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэв

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хурал /2021.08.12/ боллоо. Хуралдаанд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүд, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.    

Хурлыг Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нээж, үг хэлсэн бөгөөд тэрбээр “Виртуал хөрөнгийн салбарын олон улсын туршлага, зохицуулалт” сэдвээр танилцуулга хийв. Мөн энэ үеэр Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл”, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Долгорсүрэн “Виртуал хөрөнгийн зохицуулалтын олон улсын хандлага болон Монгол Улс дахь виртуал хөрөнгийн мэдээлэл” сэдвээр тус тус танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх олон улсын стандартын Зөвлөмж 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.

Энэ хүрээнд Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад холбогдох байгууллагууд хамтран Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг судалсны үндсэн дээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг Хууль, тогтоомжийн тухай хууль болон бусад олон улсын туршлага, стандартад нийцүүлэн боловсруулсан.

Хуулийн төслийг УИХ-ын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, холбогдох байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн бөгөөд байнгын хорооноос 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулсан юм.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрх зүйн орчин бүрдэж, ФАТФ-ын техник хэрэгжилтийг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version