Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоонд хамруулах ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан зохион байгуулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайдад даалгасан байна.
Монгол Улсын Засгийн газар 2018 оноос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. Төсвийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.
18-аас дээш насны даатгуулагчид насны бүлгээс шалтгаалан 43-75 мянган төгрөгийн, 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой байна.
2020 онд эрт илрүүлгийн үзлэгт нийт 427,700 хүн хамрагдаж, 6,6 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан бол энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 38,957 даатгуулагч үзлэгт хамрагдаж, 1,55 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар