Завхан аймагт НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэж өглөө
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны 08 сарын 02-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “Байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйн хариуцлагатай үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьсан 17 жилийн түүчээ” уриатай зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг http://www.responsiblenomads.mn/ цахим хаягаар шууд дамжуулан олон нийтэд нээлттэйгээр хүргэсэн юм.
Завхан аймагт төслийн үр дүнг /2021.08.06/ хүлээлгэн өгөх арга хэмжээнд ШХА-ийн НАМЭМ төслийн менежер Ц.Энх-амгалан, төслийн Бэлчээрийн менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Булгамаа, Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ч.Баярмаа, Малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангар, Санхүү захиргаа хоршооны мэргэжилтэн Г.Тэлмэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Малчдын байгууллагын хөгжлийн ажилтан Л.Ганцогт нар оролцлоо. Мөн Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Улам-Оргих, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн Хэлтсийн дарга Ж.Батцэнгэл, ГХБХБГ-ын дарга, аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн дарга Д.Анхтэс, Аймгийн ГХБХБГ-ын Суурь судалгаа газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мэндээ, Мал эмнэлгийн газрын Цахим бүртгэлийн асуудал хариуцсан улсын байцаагч н.Аззаяа, МЭГ-ын мэргэжилтэн Х.Тунгалаг, аймгийн УЦУОШГ-ын дарга н.Мөнхцэцэг, ХХААГ-ын мэрэгжилтэн н.Амаржаргал, Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа, санхүүгийн мэргэжилтэн Б.Цэрэнмягмар, Цэцэн-Уул сумын Бэлчээр ашиглагчдын холбооны мэргэжилтэн н.Мижиддорж, Цагаанхайрхан сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн н.Тунгалаг нар оролцов.
Завханчууд Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын хөгжимчид Ж.Чулууны “Адажио” бүтээлээр нээлтийн арга хэмжээг эхлүүлсэн юм. Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал “Мал аж ахуй дээр эдийн засаг суурилсан Завхан аймгийн хувьд мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах, бэлчээрийн менежментийг сайжруулах тал дээр НАМЭМ төсөл тодорхой үр дүн гаргасан. Энэ удаад Завхан аймагт, Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоонд Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хэлэлцэж, аймагт хүлээлгэн өгч байгаад баяртай байна” гэлээ.
Завхан аймгийн бэлчээрийн төлөв байдал
ШХА-ийн НАМЭМ төслийн менежер Ц.Энх-амгалан “Завхан аймаг манай төслийн анхны аймгуудын нэг. Ногоон алт төслийг эхлүүлээд Завхан аймгийн 24 сумаар очиж байсан. Тэр үед бэлчээрийн төлөв байдал, малчдын ахуй амьдрал, нүүдлийн мал аж ахуйн салбарын ирээдүй ямар байх бол гэж бодож явсан цаг саяхан мэт. 17 жилийн дараа бэлчээрээ оношилдог, тухайн жилийнхээ бодит даацыг тогтоодог боловсон хүчин, чадавхийг Газрын харилцаа, геодизи зураг зүйн газар, ХАА-н газар, УЦУОШГ гээд сумаасаа аймаг, аймгаасаа үндэсний хэмжээний чадавхи суулгаж чадсан байна. Газар дээр нь ажиллах хүмүүсийг сургадаг сургалтын баазыг ХААИС дээр бий болгосон байна.
Өнөөдөр Завхан аймгийн 24 сумын малчдын 80 гаруй хувийг бэлчээр ашиглагчдын зохион байгуулалтад оруулж, гэрээ байгуулж чадсан байна. Гэрээ байгуулсанаар малчид бэлчээрийн сэлгээ нүүдлийг маш сайн хийдэг болсон. Монголын нүүдлийн мал аж ахуйн стандартыг гаргаж, Улсын стандартчлал хэмжилзүйн газраар баталгаажуулж, “Хариуцлагатай нүүдэлчид” гэж нэрлээд цахим системээр бүртгэж, олон улсын зах зээлд Монголын нүүдлийн мал аж ахуй нь байгальд ээлтэй, мал амьтны тавлаг байдлыг хангасан бүтээгдхүүн гэж танилцуулах боломжтой болсон байна. Энэ ажлыг хэрэгжүүлж үр дүнд хүрэхэд 17 жилийн хугацаанд хамтран ажилласан үе үеийн Завхан аймгийн удирдлагууд, сумын мэргэжилтнүүд, АБАХ, СБАХ-ын удирдлагууд, Ус цаг уур, Газрын харилцаа, Мал эмнэлэг гээд бүхий л салбарын мэргэжилтнүүддээ талархсанаа илэрхийлж байна.
Газрыг зөвхөн бэлчээрийн зориулалтаар ашигладаггүй. Манай Монгол орны газар зүйн байрлал, хөрсний бүтэц, хур тунадасны хэмжээ, нарын тусгал, салхины урсгал гээд бүхий л талын хүчин зүйлээр өөрчлөгддөг эко систем. Энэ бүхнийг малын бэлчээрээр ашиглахаас гадна амьсгалж байгаа агаар, ууж байгаа цэвэр усаа хамгаалах, амьдарч байгаа орчноо хамгаалах ёстой. Монгол улсад олон төсөл хэрэгждэг. Төсөл дууслаа гээд ихэвчлэн хэдэн ном, тоног төхөөрөмж үлддэг. Бид тэгэхгүйн тулд маш их анхаарч хичээсэн.
Өнгөрсөн онд ХХААХҮЯ-ны холбогдох албаныхан биднээс ШХА-ийн НАМЭМ төсөл дуусахад Монголд ямар өв үлдээх вэ гэж асууж байсан. Бодлогын түвшний найман том үр дүнг үлдээсэн байна. Тухайлбал, Завхан аймгийн хувьд гэхэд бүх суманд Хоршоо байгуулагдаж, үндэсний үйлдвэрүүдтэй гэрээтэй ажиллаж байна. Мал эмнэлгийн тогтолцоо маш сайн хэрэгжсэн байна. МЭЕГ-ын хамгийн сүүлд хийгдсэн танилцуулга дээр Завхан аймгийн бүх суманд Мал эмнэлгийн цахим мөшгих тогтолцоог маш сайн нэвтрүүлж, орон нутгийн төсвөөс шаардлагатай тоног төхөөрөмжийг нь бэлтгэн нийлүүлсэн гэдгийг онцолж байсан. Завхан аймаг бүх талаараа манлайлагч. Завхан аймгийн байгаль маш үзэсгэлэнтэй, байгалын бүхий л тогтоц байдаг. Завхан аймагт бид аялал жуулчлалын хөтөлбөр эхлүүлсэн. Энэ эхлүүлсэн ажлыг аймаг орон нутгаас дэмжиж цааш нь улам дэлгэрүүлж ажиллана гэдэгт итгэж байна.
Бидний 17 жилийн туршид хийсэн ажлын туршлагаас харахад хамгийн чухал зүйл бол бэлчээр нутаг буюу байгалиас заяасан бэлчээрийг хамгаалах хэрэгтэй. Хэрвээ цөлжөөд доройтох юм бол хэзээ ч ямар ч орчин үеийн технологи ашиглаад унаган төрхөөрөө сэргэдэггүй юм байна. Завхан аймгийн бэлчээр харьцангуй сэргэг байгаа. Тиймээс байгалиа хамгаалж, битгий их доройтуулаарай. Унаган төрхөөрөө байгаа байгалиа хамгаалж, сэргийлэх нь ахин сэргээхээс илүү амар байдаг гэдгийг та бүхэн анхаарч малын хөлийн ачааллаа зөв тооцож, хариуцлагатай малчин байж тооноос чанарт анхаарч ажиллаарай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэдгийг онцолсон юм.
Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Улам-Оргих “ШХА-ийн НАМЭМ төслийн үр дүнг Завхан аймагт хүлээлгэн өгч байгаад талархаж байна. Завхан аймагт төсөл эхлүүлээд малчдыг бүлгээр ажиллах, бэлчээрээ зөв зохистой ашиглах, байгалийн бэлчээрт суурилсан мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх талаар зааж сургаж өгсөнд талархаж байна. Цаашид Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын аймаг, сумын холбоодтой ИТХ-ын зүгээс бүхий л боломжоороо хамтран ажиллах болно” гэлээ.
Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал С.Гүррагчаа НАМЭМ төслийн хүрээнд 17 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашдын тогтвортой байдал сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр хэлэхдээ “Завхан аймагт төсөл хэрэгжихдээ жалгыг нэг таран малчдыг нэгтгэж, малчдын байгууллагын үүсгэж, түүнийг төлөвлөх, хянах тогтолцоог бий болгоход анхаарч, малчдын орлогыг нэмэгдүүлж ажилласан.
Малчдын нийтлэг эрх ашгийг хамгаалах ТББ 22 суманд байгуулагдсан, малчны хотноос үйлдвэрлэгчид шууд түүхий эдээ нийлүүлж, ченжийн системийг халж 20 хоршоо байгуулсан. Малчин хүнд бэлэн мөнгөний асуудал их гардаг, үүнийг шийдсэн ХЗХ 10 байгуулагдсан.
Завхан аймгийн хэмжээнд 440 цэгт бэлчээрийн мониторингийн судалгаа хийж, түүнийгээ үндэслээд бэлчээрийн даацын үнэлгээг гаргадаг. Аймгийн хэмжээнд 183 Бэлчээр ашиглагчдын хэсэгтэй, үүний 155 нь Бэлчээрийн гэрээ байгуулж, 109 нь Монгол Улсын Газрын нэгдмэл сан буюу LM системд бүртгэгдсэн. Бэлчээрийн мониторинг хийснээр тухайн жилийн бэлчээрийн даацад малын тоог тохируулах, сүргийн менежментийн төлөвлөгө гаргах, гэрээт бэлчээрийн төлөв байдлыг хянах, түүхий эдийн гарал үүслийг мөшгих тогтолцооны суурь мэдээлэлд оруулах зэрэг үйл ажиллагаанд ашиглаж байна.
Завхан аймаг 2019 оноос хойш Гарал үүслийн мөшгих тогтолцоог бүрэн нэвтрүүлж, Эрдэнэт хивс ХХК-д хонины ноос, Дархан нэхий ХК-д арьс шир, ГовьХК, Алтай кашимер ХХК-д ноолуур, Bodio`s болон Mongol textile компаниудад ноос, ноолуур бэлтгэн нийлүүлж байна.
НАМЭМ төслийн хүрээнд Завхан аймагт хэрэгжүүлсэн ажлын үр дүн
Аймгийн ГХБХБГ-ын дарга, аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч Д.Анхтэс “Бэлчээр ашиглалтын гэрээ, журмыг нэврүүлэх замаар бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нь” сэдвээр мэдээлэл өгсөн.
ГХБХБГ-ын Мониторингийн мэргэжилтэн Ц. Мэндээ “Завхан аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, мал бэлчээрлэлтийн нөлөөг хянах фотомониторингийн үр дүн, түүнд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
МЭГ-ын дарга, Мал эмнэлгийн үйлчилгээ, малын эмийн хяналт хариуцсан улсын байцаагч Д.Эрдэнэцогт “Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүнгээс” танилцуулав.
МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид” мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүн”-гийн талаар мэдээлэл өгсөн юм.
Швейцарын хөгжлийн агенлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгтэйгээр, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь Дижитал медик ХХК-тай хамтран “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлсэн үр дүн.
Төслийн хүрээнд бий болгосон үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурах ёслолын дараа АБАХ-ны дэргэдэх дундын хоршоо “Жинст мөрөн” ХХК, “Эрдэнэт Хивс” ХХК-ны “Хариуцлагатай нүүдэлчин” бүтээгдэхүүнийг танилцуулсан.
Ногоон Алт Малын эрүүл мэнд төслийн хамтдаа хэрэгжүүлсэн ажлын үр дүнгүүдээ Завхан аймагт хүлээлгэж өгч, төслийн хугацаанд хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудад талархал илэрхийлж, дурсгалын зураг татуулах арга хэмжээ өндөрлөсөн юм.
Завхан аймагт Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгөх ёслолыг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.
П.Нарандэлгэр