ХАА-н салбарСурвалжлагаОнцлох

Баян-Өлгий аймагт НАМЭМ төслийн үр дүнг хүлээлгэж өглөө

Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт хүлээлгэн өгөх арга хэмжээ 2021 оны 08 сарын 02-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Баян-Өлгий аймагт хэрэгжүүлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгөх /2021.08.03/ арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн ГХБХБГ-ын дарга, аймгийн Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч К.Болат, Аймгийн ХХААГ-ын дарга Б.Нурбулан, аймгийн МЭГ-ын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Т.Ергали, Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Т.Ахай, аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны Гүйцэтгэх захирал М.Ермурат, ШХА-ийн НАМЭМ төслийн менежер Ц.Энх-амгалан,  төслийн Бэлчээрийн  менежмент хариуцсан мэргэжилтэн Д.Булгамаа, Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ч.Баярмаа, Малын эрүүл мэндийн мэргэжилтэн С.Дивангар, Санхүү захиргаа хоршооны мэргэжилтэн Г.Тэлмэн, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг, Малчдын байгууллагын хөгжлийн ажилтан Л.Ганцогт нар оролцлоо.

Ёслолын арга хэмжээний эхэнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Ногоон алт малын эрүүл мэнд төсөл манай Баян-Өлгий аймагт маш удаан хугацаанд үр дүнтэй хэрэгжсэн олон улсын төсөл хөтөлбөрүүдийн нэг болж чадсан. Өнөөдөр энэ төсөл маань өндөрлөж, аймаг орон нутагт хүлээлгэн өгч байна. Манай аймгийн ард иргэдийн амьдралд маш тустайгаар нөлөөлсөн, малчдад үр өгөөжтэй, үлдэх юм ихтэй төсөл байлаа. ШХА-ийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хамт олонтой хамтран ажилласандаа баяртай байна” гэлээ.

Ц.Энх-Амгалан: Ногоон алт төсөл бол миний залуу насны хүсэл мөрөөдлийн минь биелэл

ШХА-ийн НАМЭМ төслийн менежер Ц.Энх-амгалан “2004 оноос эхэлсэн Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл маань Монгол Улсад 17 жил хэрэгжээд 9 сард хаалтаа хийх гэж байна. Анх 1999-2002 онд тохиосон зудын аюулыг бууруулахад Швейцарын Холбооны Улсаас НҮБ-аар дамжуулж хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж, улмаар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлсэн. Төсөл анх “Ногоон алт” нэртэй бэлчээрийн экосистемийг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж эхлээд 17 жилийн хугацаанд зөвхөн бэлчээрийн асуудлыг биш, малчдын амьжиргаа, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжиж, төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран маш олон ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Хэцүү цаг үед төслөө эхлүүлж байсан ч одоо эргээд харахад Монголын 166 суманд малчдын холбоотой болж, Бэлчээрийн гэрээ байгуулж, 20 сая га газрын бэлчээрийг доройтохоос сэргийлж, 5 сая га бэлчээрийг унаган төрхөнд нь оруулсан байгаа нь та бидний хамтын ажиллагааны үр дүн. Нийтдээ 76 Малчдын хоршоо, 100 гаруй Дундын сан, 44 Хадгаламж зээлийн хоршоо бий болсон байна.

Монголын нүүдлийн мал аж ахуйн стандартыг бий болгож, түүнийгээ “Хариуцлагатай нүүдэлчид” гэж мэргэжилтнүүд нэрлэлээ. Одоо “Хариуцлагатай нүүдэлчид” стандартаар баталгаажсан байгальдаа ээлтэй, малчиндаа ээлтэй, нутгийн экосистемийн унаган төлөв байдлыг хадгалсан, түүний түүхийг өгүүлсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр гаргаж эхэллээ. Та бид технологийн шинэ эрэн зуунд амьдарч байна. Бүх зүйлийг нарийн программаар кодтой болгосон. Жишээ нь, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчны бэлтгэсэн ноос ноолуур, арьс шир, түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн Итали, Францын өндөр зэрэглэлтэй хэрэглэгчдэд малчныхаа зурагтай, гарын үсэгтэй нь очих боломжтой боллоо.

Миний хувьд анх энэ төслийг эхэлж байхад судлаач, орчуулагчаар ажиллаж байсан. Тэр үед зудын хүнд хэцүү нөхцөлд байгаа малчдыг хараад маш их өрөвдөж байсан цаг саяхан мэт. 17 жил зөвхөн энэ төслөө та бүхний хамтаар амжилттай хэрэгжүүлсэн нь нөгөө талаар миний залуу насны хүсэл мөрөөдлийн минь биелэл боллоо. Хүний нутагт ном эрдэм сураад нутаг орондоо хэрэгтэй бүхнийг хийхийг хичээсэн минь талаар болсонгүй. Олон бэрхшээл тохиосон ч төслийг хэрэгжүүлэх чин сэтгэлийн дэм өгч байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн хамаатан садан шиг минь болжээ. Хэдийгээр төсөл дуусч байгаа ч гэсэн Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон та бүхэнтэйгээ бэлчээрээ унаган төрхтэй болтол нь хамтран ажиллана  гэж бодож байна.

Бэлчээр яагаад доройтдог вэ гэвэл хариуцлагын асуудал байдаг. Та бид эрт дээр үеэс бэлчээр нутгаа, мал амьтнаа хайрлан хамгаалж, малын ашиг шимээ зөв хүртэж амьдралаа авч явдаг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр бидний улалмжлалт арга ухаан маань алдагдсан. Ногоон алт төслийн хувьд гаднаас ямар нэгэн шинэ зүйл авчраагүй, монголчууд бидэнд байсан нөөцөө ашигласан. “Айлаас эрэхээр авдараа уудал” гэдэг дээ.  Бид бэлчээр нутгаа, мал амьтнаа, байгалиа хослуулж амьдардаг арга ухаан бүгд байсан. Үүнийгээ хэсэг хугацаанд алдаад явсаныг эргэн сэргээж нэмээд дэлхийд  гарч ирсэн сайн туршлага, техник технологийн шинэлэг арга барилыг шингээж өгсөн. Гэхдээ үндэсийн үндэс нь бид өөрсдөө байсан. Баян-Өлгий аймагт “Ногоон алт” төслийн маш олон сайн туршлага бий болсон. Очих бүрт бэлчээр нутгаа хамгаалья, улс орондоо хэрэгтэй ажил хийе гэж санал бодлоо нээлттэй солилцож ирсэн. Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Түүний дараа НАМЭМ төслийн хүрээнд 17 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар Аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Т.Ахай мэдээлэл хийсэн. Тэрбээр “ШХА-ийн Ногоон алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран ажилласанаар Баян-Өлгий аймагт олон сайхан үр дүн гарсан. Юуны өмнө мал, малчин, бэлчээр, мал аж ахуйн үйлдвэрлэлтийн талаар нэгдсэн ойлголттой болсон. Зөв ойлголттой, зөв хандлагатай байснаар зөв үр дүн гардагийг мэдлээ. Бэлчээрийн менежмэнт гэдэг их өргөн хүрээтэй ойлголт юм байна. Бэлчээр, мал, малчин, мал аж ахуйн үйлдвэрлэл, экологи, эдийн засаг, засаглал, нийгмийн асуудлуудыг бие биенээс нь салгалгүй, органик холбоонд нь авч үзэн цогцоор нь шийдэх арга ухаан юм байна. “Монгол мал” хөтөлбөр, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого” гэх мэтээр салгах боломжгүй гэдгийг ойлгож, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн загварыг гаргаж ирэхийг зорьсон” хэмээн онцолсон юм.

НАМЭМ төслийн Хяналт шинжилгээ үнэлгээний мэргэжилтэн Ч.Баярмаа энэ үеэр “Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймаг нь Бэлчээрийн зохистой ашиглалтын маш сайн загвар гаргаж, олон сайхан ажлуудыг санаачлан хийж хэрэгжүүлж, бусад аймгууддаа үлгэр дууриал болон ажиллаж ирсэн” гэдгийг тодотгосон.

М.Ермурат: ХАА-н хоршоо маань манай нийт төсвийн 30-40 хувийг бүрдүүлж байна

Аймгийн малчдын холбооны гүйцэтгэх захирал М.Ермурат “Маркетингийн хоршоо, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагаа” ны талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Малчдын байгууллагын 3 тулгуурт хөгжлийн бодлогын  нэг болох ХАА-н хоршоо маань маш сайн үйл ажиллагаа явуулан өргөжиж, манай нийт төсвийн 30-40 хувийг бүрдүүлж байгаа. Маркетингийн хоршоодын үйл ажиллагаа анх түүхий эдийн бэлтгэл дээр суурилж байгуулагдсан. Малчид түүхий эдээ тушаан борлуулж, улмаар малчдын орлого нэмэгдэж, дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэж байна. Мөн малчдын захиалгаар өргөн хэрэглээний болон гэр ахуйн цахилгаан бараагаар хангах зорилгоор дэлгүүр, лизингийн үйлчилгээ үзүүлж байна. Хадлан, усжуулах, хашиж хамгаалах, ногоон тэжээл тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарч, хоршоодын материаллаг баазыг хөгжүүлэхэд анхаарч байна.

“Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн мөшгих системд түүхий эд бэлтгэлийн явцыг бүртгүүлж, жил бүр сайн чанарын 280тн хүртэлх ноос, 10 мянган арьс шир, 3.5тн сарлагийн хөөврийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулан хоршоод, зах зээлд борлуулах ажлыг хийж байна. Маркетингийн хоршоод гэрээ байгуулан үндэсний үйлдвэрүүдтэй чанартай түүхий эдээр хангаж, малчдыг Засгийн газраас олгож байгаа түүхий эдийн урамшуулалд өргөнөөр хамруулж ирлээ. Мөн хоршоод түүхий эд борлуулж, олсон ашгаасаа гишүүддээ жил бүр үнийн зөрүү олгож байна.

Малчдад шаардлагатай үед зээлээр гурил тэжээл, бэлэн мөнгөөр тусалж, дараа нь мал мах түүхий эд авах зэргээр хамтран ажилладаг. 2012 оноос зах зээлд үнэгүйдсэн сарлагийн хөөврийг самнан түүхий эдийг тогтмол бэлтгэдэг тогтолцоо бий болсон. Хадлан хашиж хамгаалахад идэвхитэй ажиллаж, малын хөлөөр ногоон тэжээл тариалах, усалгаатай ногоон тэжээл тариалах ажлыг өргөн хүрээнд хийдэг. Манай маркетингийн хоршоод цөм түүхий эдийн агуулах байртай” хэмээн танилцуулга хийлээ.

Дараа нь Баян-Өлгий аймгийн ГХБХБГ-ын дарга, аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ахлагч К.Болат “Баян-Өлгий аймгийн бэлчээрийн газрын төлөв байдал, БАГ-ний хэрэгжилт, мал бэлчээрлэлтийн нөлөөг хянах фотомониторингийн үр дүн, түүнд суурилсан бэлчээрийн менежментийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, үнэлэхэд ашиглах нь” сэдвээр, ХХААГ-ын дарга Б.Нургулан “Маркетингийн хоршоо, малын гаралтай түүхий эд бэлтгэл” сэдвээр, МЭГ-ын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Т.Ерган “Малын эрүүл мэндийн бүртгэл мэдээллийн систем, мөшгөх тогтолцоо, цахим гарал үүслийн гэрчилгээ, загвар мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлсэн дүнгээс”  танилцуулсан юм.        

Л.Ганцогт: Баян-Өлгий аймаг “Хариуцлагатай нүүдэлчин” системээр дамжуулан нийт 600 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

Харин МБАНХ-ны зөвлөх Л.Ганцогт “Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний “Хариуцлагатай нүүдэлчид “ мөшгөх тогтолцоо, стандартыг хэрэгжүүлсэн үр дүнгээс” танилцуулсан. Тэрбээр хэлэхдээ “Та бүхэнд сарлагийн арьсаар хийсэн хөл бөмбөгийн харуулж байна. Энэ бөмбөгний дээрх бар кодыг гар утасныхаа Google цэсний камерийг ашиглан уншуулахад, түүнийг хийсэн түүхий эдийн гарал үүсэл, чанарыг харуулсан мэдээллийг мэдэх боломж нээгдсэн. Олон улсын хэрэглэгчид ёс зүйтэй тогтвортой үйлдвэрлэл эрхэлдэг, байгальд ээлтэй эргэн мөшгих боломжтой экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх болсон. Тиймээс монгол малын гаралтай бүтээгдэхүүн нь байгалийн унаган төрхөөрөө байгаа бэлчээр нутагт өсгөн үржүүлсэн, үйлдвэрлэл нь жам ёсны, эрүүл цэвэр бүтээгдхүүн гэдгийг баталгаажуулж, тухайн бүтээгдэхүүний эдийн засгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлага үүссэн.

Сүүлийн жилүүдэд НАМЭМ төслийн дэмжлэгтэйгээр “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн мөшгих системийг хөгжүүлж ирлээ. Энэхүү систем нь малчны хотноос үйлдвэрлэгчдийн хаалга хүртэл бүхий л үйл явцыг орчин үеийн мэдээлэл технологид суурилсан системээр баталгаажуулж, бүртгэлжүүлж байна. Систем маань цахим орон зайд тул цаг хугацаанаас үл хамааран оролцогч талууд өөр өөрийн харъяаллын мэдээллийг оруулж бүртгэлийг баталгаажуулдаг. Өнөөдөр энэ цахим системд 18 аймгийн 169 бэлчээр ашиглагчдын холбооны 1575 бэлчээр ашиглагчдын хэсгийн 88 мянган малчин өрх, 76 түүхий эдийн анхан шатны хоршоо, 17 сүү цагаан идээ, ноос ноолуур арьс шир боловсруулах үйлдвэрийн мэдээлэл бүртгэгдээд байна. “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын загвар болгохоор 34 сумаас сүү цагаан идээ, арьс шир бэлтгэл, ноос ноолуур бэлтгэн системийн бүртгэлийг хамтран баталгаажуулж байна.

Баян-Өлгий аймгийн хувьд 12 сумын Бэлчээр ашиглагчдын холбоо, 12 бэлчээр ашиглагчдын хэсгийн 9 мянган малчин өрх, түүхий эдийн анхан шатны 11 хоршооны бүртгэлийг энэ системд оруулсан. Өнгөрсөн хугацаанд 2 сумыг загвар болгож, малчдад зориулсан сургалт явуулж, хоршоод түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн стандартыг нэвтрүүлэхэд нь хамтран ажилласанаар хонины ноос, сарлагын хөөвөр, ямааны ноолуур, тэмээний ноос гэсэн гол  \дөрвөн түүхий эдийг нийлүүлсэн байна. “Хариуцлагатай нүүдэлчин” системээр дамжуулан нийт 600 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Борлуулалтын бүтцээс харахад Баян-Өлгий аймаг ноос бэлтгэлийг маш сайн хийж байгаа нь харагдаж байна. Аймагтаа боловсруулах үйлдвэр байгуулж, хоршоод гэрээний дагуу нь тухайн үйлдвэрт нийцсэн стандартаар ноосоо бэлтгэдэг сайн туршлага Баян-Өлгий аймагт нэвтэрсэн байна. Мөн сарлагын хөөвөр бэлтгэлд анхаарч, малчдаар маш сайн самнуулж, ангилан ялгуулдаг болжээ.

“Хариуцлагатай нүүдэлчид” системээр дамжуулан Малчдын дундын хоршоо нь Үндэсний үйлдвэрлэгч “Bodio`s” зэрэг үйлдвэрүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Цаашид “Хариуцлагатай нүүдэлчид” системийг аймгийн хэмжээнд нэвтрүүлсэнээр хэрэглэгчдэд эрүүл аюулгүй бүтээгдэхүүн нийлүүлэх, хэрэглэгч тухайн түүхий эдийн гарал үүслийг мөшгих боломж олголоо. Ингэснээр зөвхөн Малчдын орлого ашиг нэмэгдэхээс гадна зах зээлийн харилцаанд хариуцлагатай оролцдог болно. Боловсруулах үйлдвэрийн тухайд түүхий эд, бүтээгдэхүүний  чанарыг сайжруулах, үйлдвэрт шаардлагатай стандартын дагуу бэлтгэх боломжийг олгож байна. Нөгөөтэйгүүр  Баян-Өлгий аймаг болон хамтран  ажилладаг үндэсний үйлдвэрүүд олон улсын зах зээлд нэвтрэх, маркетингаа сайжруулахад чухал ач холбогдолтой. Энэ цахим системийг нэвтрүүлэхэд гар бие оролцсон орон нутгийн удирдлагууд, хоршоодын гишүүд та бүхэндээ талархал илэрхийлж байна” гэлээ.

Д.Булгамаа: Бэлчээр гэдэг зөвхөн малчны, ХАА-н салбарынханы асуудал биш монгол хүн нэг бүрийн амьдралын салшгүй нэг чухал хэсэг

НАМЭМ төслийн Бэлчээр хариуцсан мэргэжилтэн Д.Булгамаа хэлэхдээ “17 жилийн түүх бол урт хугацаа. Бид малчдын амьжиргааны эх үүсвэр болсон МАА-н үйлдвэрлэлийг дэмжиж, доройтсон бэлчээрээ хэрхэн сэргээж сайжруулж хамгаалах вэ гэсэн сэтгэлээр анх төслөө эхлүүлж байсан. Тэгвэл өнөөдөр сайжирсан бэлчээр, сайжруулж байгаа арга маань өөрөө малын гаралтай бүтээгдэхүүний түүхийг агуулсан, олон улсын зах зээл дээр гарах хэмжээний томоохон ажлууд болон өргөжин хөгжсөн байна.

Та бүхэн санаж байгаа байх хөтлөгч, сэтгүүлч Ш.Ёолк гурван жилийн өмнө “Баян-өлгий аймгийн нийт бэлчээрийн 55 хувь нь байгалийн унагана төрхөө алдаад байна гэж мэдээлж байсан. Бэлчээр гэдэг зөвхөн малын идэш хоол биш, бидний амьдрах орчин, уудаг ус, амьсгалдаг агаарыг бий болгодог маш том эко систем шүү, түүнийгээ хамгаалья” гэж уриалж байсан. Бэлчээр гэдэг зөвхөн малчны, ХАА-н салбарынханы асуудал биш монгол хүн нэг бүрийн амьдарлын салшгүй нэг чухал хэсэг. Яагаад гэвэл бэлчээр гэдэг монголчуудын уламжлалт соёл, ёс заншилыг тээж ирсэн баялаг. Нэг хэсэг малын хяналтгүй өсөлтөөс үүдэн байгалийн бэлчээрийн даац хэтэрч, ачаалал нь нэмэгдэж, сэргэх боломж олгохгүйгээр ашиглаж байсан. Бид өнгөрсөн 17 жилийн хугацаанд Бэлчээрийн сэргэх чадварт суурилсан менежмэнтийг туршиж, судлан улсын хэмжээнд 180 гаруй суманд нэвтрүүлж байна.

Энэ системийн хүрээнд бэлчээрээ дундаа ашигладаг малчид хамтын зохион байгуулалтад орсон. Баян-Өлгий аймагт гэхэд 200 гаруй Бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулагдаж, хэчнээн тооны мал өсгөн үржүүлэх боломжтой гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран боловсруулж гаргаад түүнийхээ дагуу ашиглалтаа зохицуулж ирсэн. Энэ загвар маань Газрын харилцаа геодизи зураг зүйн газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэг, Малчдын байгууллага гээд маш олон байгууллагын хамтын ажиллагаанаас бүтдэг.

Энэ бүхнийг нэгтгэж, бэлэн болгосон системийг цааш үргэлжлүүлэн авч явахад аймаг сумдын Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг чухал үүрэгтэй. Энэ системийг даган чадавхижсан хамт олон, хөгжсөн бүтээгдэхүүнийг танай аймагт хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Түүнээс гадна 2020 онд Баян-Өлгий аймгийн 2.7 сая га-г төлөөлсөн 224 цэгт фотомониторинг хийсэн дүнгээр 440 га бэлчээр нь зөв ашигласан буюу байгалийн унаган төрхөөрөө байгаа гэж гарсан байна. 946 га бэлчээрийг сэлгэн амрааж, зохистой ашиглалтыг нэвтрүүлсэнээр сайжирч буй бэлчээртэй болсон гэдэг судалгаа гарсан. Гэхдээ бидний ажил дуусах болоогүй 1.4 сая га бэлчээр хүчтэй доройтсон буюу сайжруулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай гэдэг дүн гарсан. Тиймээс амжилттай хийсэн ажлуудаа цаашид тасралтгүй үргэлжүүлж, анхаарал хандуулах чиглэлүүддээ  хүчээ төвлөрүүлэн ажиллана  гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Ийнхүү оролцогчид илтгэл тавьж дууссанаар Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн үр дүнг хүлээлгэн өгөх, гэрээнд гарын үсэг зурж, төслийн хугацаанд хамтран ажиллаж ирсэн түнш байгууллагуудад талархал илэрхийлж, дурсгалын зураг татуулах арга хэмжээ өрнөсөн юм. 

Д.Бауыржан: НАМЭМ төсөл маань Баян-Өлгий аймагт эрийн цээнд хүрлээ

Ёслолын арга хэмжээний төгсгөлд Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “НАМЭМ төслийн хамт олонд баярласан талархсанаа дахин илэрхийлж байна. Хүн төрсөнөөс хойш 18 нас хүрээд эрийн цээнд хүрдэг бол НАМЭМ төсөл маань Баян-Өлгий аймагт  17 жил үргэлжилж эрийн цээнд хүрлээ гэж бодож байна. Та бүхэн бидэнд зөвлөгөө өгч, зүг чиг, алсын харааг нь тодорхой болгож, манай аймгийн нийт 18 мянган малчин, 9 мянган малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн талхагдалтыг зогсоох, үйлдвэрлэгчид рүү чиглүүлэх, мөнгөтэй хадгаламжтай болгох, малын тоо толгойг зөв өсгөх зэрэг маш олон ажлыг хийсэн байна.

Швейцарын Холбооны Улс, Швейцарын хөгжлийн агентлаг бидэнд маш том хөрөнгө оруулалт  хийж өгсөнд нийт Баян-Өлгий аймгийн иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна. Манай аймгийн нийт хүн амын 30 гаруй хувь нь малчин. Социалист нийгмээс зах зээлийн эдийн засагт шилжсэн он жилүүдэд малчин түмэн маань хаягдсан гэж болно. Малыг Үндсэн хуулиар  хамгаалсан атлаа малчин хүнийг анхаарч, хөгжүүлэх нь багассан. Тэгвэл ШХА маш том ажлыг хийж чадлаа.

Манай аймгийн Малчдын байгууллагууд НАМЭМ төсөл дууссан ч 17 жилийн туршлагаа улам бататгаж, малчин түмнийхээ орлогыг дээшлүүлэх, малын чанараа сайжруулж, эдийн засгаа өсгөж, аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллана гэдэгт итгэж байна. Аймаг бодлогоороо дэмжинэ . Баян-өлгийн аймгийн хөгжлийн 10 жилийн хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрт аймгийн Малчдын холбоотой хамтран ажиллахаа мэдэгдсэн. 17 жилийн турш бидэнтэй хамтран ажилласан НАМЭМ-тйн төслийн хамт олон, нийт хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагын хамтрагчиддаа 18 мянган малчин түмний өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж, эрүүл энхийг хүсэн ерөөж байна. Дахин шинэ төслөөр хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхний итгэлийг зүтгэлээр хариулж, хичээх  болно” гэсэн юм.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version