Мишээл сан 2100 гаруй монгол хүүхдийн шүдийг эмчилжээ
Завхан аймагт Мишээл сангийн төслийн хүрээнд гурван сумын хүүхдүүдийн шүдийг эмчлэхээр боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
-“Алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг олгох, хандлагыг нь нэмэгдүүлэх, хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх төсөл хэрэгжинэ. Энэ төсөл нь Шилүүстэй, Яруу, Идэр сумдад хэрэгжихээр болсон.
Төсөл энэ сарын 10-аас хэрэгжиж эхлэх бөгөөд эмч нар нэг сумд дөрвөөс таван өдөр ажиллана. Ингэхдээ 300-400 хүүхдийн шүдийг эмчлэх боломжтой юм. Мөн эцэг эхчүүд болон хүүхдүүдэд амны хөндийн ариун цэврийг хэрхэн сахих талаарх сургалтыг төслийн зүгээс явуулна.
Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх эмчилгээ үйлчилгээний явцад халдвар хамгааллын дэглэмд онцгойлон анхаарч ажиллана. Мөн үеэр Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд тус аймагт ирж, төслийн үйл явцтай танилцаж Шилүүстэй суманд ажиллах юм” гэв.
Дашрамд өгүүлэхэд, Швейцарын нүүр амны эрүүл ахуйч Габриэлла Шмидт Корситто нь Мишээл хүүхдийн санг 2013 онд үүсгэн байгуулжээ. Тэрээр Монгол улсын амьжиргааны түвшин доогуур өрх, гэр бүлийн хүүхдүүд болон хөдөө орон нутгийн алслагдмал нутгийн хүүхдүүдэд амны хөндийн эмчилгээ, үйлчилгээг хүргэх зорилготой тус санг үүсгэн байгуулжээ. Тус сан өнөөдрийн байдлаар 2100 гаруй монгол хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж өгчээ.