НийтлэлЭдийн засагОнцлох

Шидэт бөмбөгний түүх

/Made in Сhina шошготой өрсөлдөх бус өөрсдийнхөө онцлогоор танигдаж буй сарлагийн арьсан бөмбөг/

Энэ бол түүх өгүүлдэг шидэт бөмбөг. Дэлгүүрийн лангуу дээрх өнгө өнгийн бөмбөгүүдээс юугаараа илүү юм бэ гэж та асуух байх аа. Шошгоных нь цаана нүүдэлчдийн байгальд ээлтэй амьдралын хэв маяг, бэлчээр нутгаа хайрлан хамгаалдаг хариуцлагатай малчид, эрүүл бэлчээрт идээшсэн сарлагийн түүх нэвт шингээстэй тул нэгэн худалдан авагч нь ийн нэрлэжээ. 

Шошгон дээрх QR кодыг уншуулбал арьс ширнийх нь гарал үүсэл, тэр байтугай адгуулж маллаж байсан малчных нь нэр, зураг хүртэл дурайгаад гараад ирэх нь тэр. 

Ховд аймгийн Дуут сумын 3 дугаар багийн малчин Батмөнхийн хотны сарлагийн ширээр Мон-Ирээдүй компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгийг бар код ийнхүү “арын хаалгагүйгээр” батална. 

Үүний цаана малчин хүний уйгагүй хөдөлмөр, асар олон хөдөлмөрийн дамжлага, хэдэн зуунаар хэмжигдэх нүүдэлчдийн үнэт өв соёл, уламжлал, ёс суртахуунтай, чанартай бүтээгдэхүүний түүх шингээстэй.

15 жилийн өмнө ад үзэгдэх шахуу байсан монгол сарлаг ийнхүү олон улсад од болж, дэлхийн зах зээлд “Made in Mongolia” шошгыг баталгаажуулж байна.

Зөвхөн баталгаажуулаад зогсохгүй шошгоны цаадах түүхээрээ танигдаж эхэлсэн хэмээн Монголд үлдэж буй үнэ цэнтэй төслийг санаачлан хэрэгжүүлсэн Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан онцлон ярьсан юм. 

Тэрбээр арваад жилийн өмнө Швейцарт сурч байхдаа гарал үүсэл нь тодорхой бараа бусдаасаа ахиу үнэтэй байгааг анзаарчээ. Энэ нь нич буюу ижил төрлийн бараанаас ямар нэгэн үнэт зүйл, чанарын хувьд давуу, бүтээгдэхүүн байв. Байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай ёс зүйтэй гэдгээрээ ялгарна.

Хэрэглэгчид энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа зөвхөн бүтээгдэхүүн бус үнэ цэнийг хамтад нь худалдаж авдаг гэсэн үг. 

Монголд хөгжөөгүй зах зээл, боломжийг олж харсан тэрбээр тэндхийн хэд хэдэн бүтээгдэхүүний “нич” бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зах зээлийн  бүтэц, зохион байгуулалт сайн туршлагыг Монголд ирээд судалж хөгжүүлж үзжээ. 

Эхний бүтээгдэхүүн нь сарлагийн хөөвөр, дараагийнх нь самнасан торомны ноос байв. Мөн хэд хэдэн бүс нутагт аялал жуулчлалын “нич” бүтээгдэхүүн хөгжүүлж үзсэн нь амжилттай болсон юм. Сарлагийн арьсаар “бөмбөг” хийх төсөл түүний санаачлан оролцсон үлдэцтэй төслийн нэг юм. 

Шошгон дээрх QR кодыг уншуулбал арьс ширнийх нь гарал үүсэл, тэр байтугай адгуулж маллаж байсан малчных нь нэр, зураг хүртэл дурайгаад гараад ирэх нь тэр.

Улсаа сурталчлах уулсын эзэн

Дөрвөн цагийн хэцүү бэрхийг үл тоон бэлчээр нутгаа сэлгэн нүүдэллэж ирсэн өвгөдийн ухаан өнөөг хүртэл мартагдаагүй, мартагдах ч ёсгүй. Гэвч жилээс жилд бэлчээрийн даац хэтэрч, ухаалаг зохицуулалтыг шаардах болсон.

Хэдхэн жилийн өмнө үүнийг үгүйсгэж байсан малчид ч, сум орон нутгийн удирдлага, шийдвэр гаргагчид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэнтэй тулж байна. Асуудал байхад шийдэл нь олддог жамаар арга саам хайж, хамтын бэлчээрээ зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй ашиглахад хэзээ хэзээнээс илүү анхаарал хандуулж буй.

Бэлчээр доройтлын шинж тэмдэг гарангуут буурь сэлгэж нүүдэллэн, даацдаа тохирсон цөөн тооны чанартай малтай болох, нэг малаас авах үр шимээ сайжруулах зэргээр хэзээ хэзээнээс илүү анхаарсаар байна. 

Малчдын сэтгэлгээг өөрчлөх, нэг малаас авах ашиг орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах энэ ажлыг 17 жил дэмжин ажилласан Ногоон Алт Малын эрүүл мэнд төсөл нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зохистой дадал буюу тогтвортой байдлын стандартыг хөгжүүлэн малчдын хүссэнээр “Хариуцлагатай нүүдэлчид” гэж нэрлэжээ. 

Уг төслийнхөн сарлагийн хөөврийг самнаж боловсруулахаас эхлээд ширийг нь бэлдэх анхны шатны технологийн боловсруулалтыг малчдад зааж өгчээ. Тэрхүү бэлтгэсэн арьсаар нь бөмбөг үйлдвэрлэх төслийг ч бас санаачлан хэрэгжүүлж жижиг дунд үйлдвэрлэгчидтэй хамтарсан аж.

Энэхүү ажлын үр дүнд ноолуур, мал, сүү цагаан идээнээс гадна малчдын амьжиргааг дэмжих чухал эх үүсвэрийн нэг болжээ.

15 жилийн өмнө ад үзэгдэх шахуу байсан монгол сарлаг ийнхүү олон улсад од болж, дэлхийн зах зээлд “Made in Mongolia” шошгыг баталгаажуулж байна.

Энэ бүх үйл явц мэдээллийг цахим орчинд тамгалсан зүйл нь QR код бүхий чанарын мөшгих систем юм.

QR кодоор дамжуулан гарал үүсэл нь тодорхой болж танигдсанаар дэлхий дахинд Монгол хэмээх нэр улс нүүдэлчин ахуйгаараа танигдаад зогсохгүй, органик бүтээгдэхүүн рүү чиглэсэн зорилтот хэрэглэгчдийг татах шинэ гарц нээгдэж байна. 

Үнэндээ бид Хятадтай бүтээгдэхүүний өртөг, үйлдвэрлэлийн цар хүрээ, хэмжээгээр  бараг хэзээ ч өрсөлдөж дийлэхгүй. Тэднээс байгалийн цэвэр бүтээгдэхүүн, онцлог чанарууд, гарал үүсэл, нүүдэлчдийн соёл, уламжлалт арга ухааныг шингээсэн, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнээрээ танигдах ёстой. 

Цаг үе хувьсан өөрчлөгдөж, хүмүүс юугаар хийсэн нь мэдэгдэхгүй ганган чамин хэлбэр хийцийг бус тухайн бүтээгдэхүүний түүхийг судалж, байгальд ээлтэй сонголтыг хийдэг ухамсартай худалдан авалтын хандлага давамгайлаад буй. 

Яг энэ орон зайд дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчдийн гараар бүтсэн, малын хотноос эхлээд үйлдвэрийн хаалга хүртэлх замнал нь тодорхой бүтээгдэхүүн анхаарал татах нь дамжиггүй.

Мэдээж эрс тэс уур амьсгалаа дагаад сарлагийн арьс маш хатуу. Энэ нь бөмбөг хийхэд чанар эдэлгээтэй байх олон улсын стандартад ойртох шалтгааны нэг ч болох магадлалтай.

Төвдүүд сарлагийг хүслийг биелүүлэгч үнэт хөрөнгө, эрдэнэ хэмээн хүндэтгэн дээдэлдэг юм билээ. Харин өнөө цагт хөдөө аж ахуйн салбарт тэр дундаа сарлаг монголын эдийн засгийн үнэт эрдэнэ гэгдэхэд ойртсоныг илтгэх чихэнд чимэгтэй мэдээ дуулдана. Бидэнд давуу талаа өрсөлдөх чадвар болгох гүйлгээ ухаан, бодит үйлдэл үлдэж байна. 

Дэлхийд монгол бүтээгдэхүүн гэж танигдаж, нүүр тахалдаг ганц брэнд нь “Говь”. Энэ жимээр ямааны ноолууртай үнэ дүйх нэрийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх цаг нь болжээ. Юу үнэн, энэ үнэн…Гол нь энэ бол дан ганц төслийн хийх ажил биш ээ. Бүтээгдэхүүний имижэд нөлөөлөх сөрөг нөлөөг бууруулах цөлжилт, бэлчээр нутгийн доройтолд төр засгийн зүгээс анхаарах цаг хэдийн иржээ. 

“Хүүхдүүдэд чанаргүй зүйл өгөх нь дээ, хэд өшиглөөд л задарчих нь. Манай монголчууд ядаж арьсан бөмбөгөө өөрсдөө хийчихдэг бол” гэсэн бодол өвөртөлсөөр санаагаа гаргажээ.

Арьсан бөмбөгний зах зээлд хөл тавих амбиц

Дэлхийн зах зээл дээр гар аргаар хийсэн арьсан бөмбөгийн гол ханган нийлүүлэгчдийн нэг нь Пакистан улс. 

Үндэснийх нь спорт крикет тул арьсан бөмбөгний зах зээлд алдарших шалтгаан болжээ. Гар аргаар хийдэг хамгийн чанартай арьсан бөмбөг Пакистан нийлүүлдэг гэсэн нэр хүнд, хэрэглэгчдийн итгэлийг тэд хэдийн олж авсан. Ард нь тус улсын хоёр мужийн хүн ам буюу манай улсын хүн амтай дүйх тооны хүмүүс гар бие зүтгэдэг.  

Нэг хэсэг нь арьсыг нь боловсруулан бэлдэж, нөгөө хэсэг нь загвар эсгүүр хийж, оёж шидэн жилдээ 40-60 сая бөмбөг үйлдвэрлэдэг. Нэг бөмбөгөө зах зээлд нийлүүлэх үнэ нь 100-150 америк доллар. Арьсан бөмбөг үйлдвэрлэлийн ачаар ажлын байр үүсгээд зогсохгүй, тэрхүү хоёр мужийн эдийн засгийг элбэгхэн үүрнэ гээч. 

Пакистан улс хэдийгээр байнгын шашин хоорондын мөргөлдөөнтэй,  байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлтэй, мал аж ахуйн үйлдвэрлэл багахан эрхэлдэг ч арьсан бөмбөг дээр өөрийн давуу талаа бүрэн ашиглаж зах зээлийн нэгээхэн хэсгийг атгаж, гол тоглогч болж чадаж байна. Бид нарт ч мөн ийм боломжууд бий. Зөвхөн маш тууштайгаар ажиллах хэрэгтэй гэж доктор Ц.Энх-Амгалан хэлсэн юм. 

“Монголчууд эртнээсээ гутал хувцасаа гар аргаараа оёж ирсэн уламжлалтай ард түмэн. Тэгэхээр бидэнд уламжлал нь, түүхий эд нь ч бий. Улсаараа зүтгэхгүй юм аа гэхэд 2-3 аймгаараа хамтраад зүтгэхэд ард нь гарчихаар л ажил. Үндэсний сайн менежмент хэрэгтэй. Пакистан бөмбөг дунджаар 150  орчим ам.долларын үнэтэй.

Одоогоор Монголд үйлдвэрлэсэн арьсан бөмбөгийг 80 гаруй мянган төгрөгөөр л зарж байна. Технологийн хувьд сайжруулбал үнэ нь нэмэгдэнэ. Бидэнд давуу талууд их бий. Яг үнэндээ бидний хийсэн арьсан бөмбөгийн сонирхсон гадаадын худалдан авагчдад арьсан бөмбөг сонин биш харин бидний нүүдэлчин соёл, амьдралын хэв маяг, сарлагийн ширээр бүтсэн анхны бөмбөгний түүх, үйлдвэрлэлийн бүхий л үйл явцыг цахим системээр бүрэн харуулах боломжтой, байгальд ээлтэй аргаар үйлдвэрлэсэн гэсэн баталгаа л сонирхлыг нь татсан” хэмээн тэрбээр инээмсэглэн өгүүлэв.

Өрсөлдөөнд хөл тавих гарцын талаар “Малын бэлчээр нь эрүүл соргог, малчид нь хариуцлагатай нүүдэлчид байдаг юм гэдгийг зорилтот хэрэглэгчдэдээ ойлгуулах л чухал. Байдаг л нэг бараа бүтээгдэхүүнийг биш өөр нэгний хийж чадахгүй зүйлээрээ бусад улс орноос ялгарах чанар, дизайнаас гадна гайхалтай түүхээ л зарах ёстой. Хөшүүрэг нь бий болчихлоо шүү дээ. Тэр нь бэлчээр доройтуулаагүй, тогтвортой аргаар бэлтгэгдсэн гэдгийг харуулах QR мөшгөлтийн систем.” гэлээ.

Экспортын нэрийн бүтээгдэхүүн болгох зорилгын хүрээнд FIFA-тай хоёр жилийн турш яриа хэлэлцээр хийж буй. Бүтээгдэхүүний олон улсын чанар стандарт дээр мэдээлэл авчихсан, хэрвээ нааштай мэдээ дуулбал үйлдвэрлэхэд бэлэн гэв.

Монголчууд ч бас хамгийн гол худалдан авагчид…

Харагдахгүй бүхэн хүчтэй, увьдастай билээ. Бизнесийн чиг хандлага өөрчлөгдсөн, ухаалаг хэрэглэгчид олширсон нь Made in Сhina шошготой өрсөлдөх бус өөрсдийнхөө онцлогоор танигдаж талархал хүлээж байна. 

Хийж бүтээж буй үнэн түүхийг сонсохыг хүсэхгүй хэн байх вэ. Монголчууд ч гэсэн эх орондоо үйлдвэрлэсэн бөмбөгийн талаарх мэдээг тааламжтай хүлээн авчээ. Зүгээр дэмжиж сайхан үг хэлээд зогсохгүй өөриймсөг хандаж худалдан авах нь эрс нэмэгджээ. Солонгос, Туркээс орж ирдэг бөмбөгтэй харьцуулбал бага зэрэг үнэтэй гэнэ. Гэхдээ л гар татахгүй авч, дэмжиж байгаа нь үйлдвэрлэгч нарт ч урам өгчээ.

Нууц нь мөнөөх бөмбөгний түүх шүү дээ.  Хөсөр хаягдаж байсан шир бөмбөг болохыг харсан хойно дэмжилгүй яахав хэмээн худалдан авдаг гэнэ. 

Mал амьтанд хайртай байхын суурийг хөгшдөөсөө өвлөснөө ойлгосон

Шидэт бөмбөгийг бий болгосон гол хүн нь Ц.Энх-Амгалан. Тэрбээр Швейцарын Хөгжлийн Агентлагт сүүлийн 15 жилийн турш ажиллаж буй. 

Алим модноосоо хол унадаггүй гэдэг. Хүүхэд насаа малч удмын цөлх өвгөдийн дэргэд өсөж хүмүүжсэн нь бэлчээр нутгаа хайрлахад сургаж, өнөөгийн ажил мэргэжлээрээ тууштай ажиллахад нөлөөлжээ.

Түүний хөгшин аав “Мал ч гэсэн хүн шиг онд орох гэж ядардаг юм шүү дээ. Хүйтэн өвлийг даваад хавартай золгох гэж зүдэрнэ, ядах нь аа л зуныг үзэж нуруу нь тэнийг” гээд зунаар мал гаргахыг цээрлэнэ. Үүний, цаана мал, ан амьтнаа хайрлах өвгөдийн ухаан нуугдаж байжээ. 

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан

Хөгшин ээж нь барагтай бол мод түлүүлэхгүй. Аргал түүхдээ түүнийг дагуулан явж ийнхүү хүүрнэлдэнэ.


“Миний охион…Түүсэн аргалын чинь хэрээр үйлийн үр чинь нимгэрдэг юм аа”-Би хүүхэд юм чинь үйлийн үргүй ш дээ.-Миний охин  энэ хөөрхөн тугал, хурганы уух ёстой сүүг уудаг биз дээ. Уг нь тэр амьтанд л зориулсан сүү шүү дээ. 

Эмээ нь ийнхүү ярьж нутаг орныг ажингаа замдаа тааралдсан өвс ургамлыг нүдлүүлэхээ ч мартахгүй, хэзээ ямар өвсийг малд идүүлэх тухай бас  хэлж өгнө.

“Малаа өсгөх ухааны цаана зөв хүн болгож хүмүүжүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах уламжлал өвлөгдөж ирснийг өнөөгийн бид анзаардаггүй. Хөдөө нутгаар явж, малчидтай уулзах тусам бэлчээр нутаг, мал амьтанд хайртай байхын суурийг хөгшдөөсөө өвлөснөө ойлгосон.

Хүн болгож, аливаад чин сэтгэлээсээ хандах, ариг гамтай байх хүмүүжлийг тэд маань надад өгсөн. Ном эрдэм сурч, гадаадын улс орнуудад очиж, нэр хүндтэй эрдэмтдийн үгсийг сонсоод нүүдэлчдийн хэрэглээ багатай, бүхий л зүйлээ дахин ашигладаг, хог хаягдалгүй амьдрал гэдэг жинхэнэ утгаараа тогтвортой хөгжлийн загвар, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг байсныг ойлгосон” хэмээн тэрбээр буурлуудаа дурсан ярилаа. 

Ном эрдмийн тухайд тэрбээр Их Британий Манчестрийн Их Сургуульд Хөгжлийн эдийн засгаар магистр, Швейцарын Цюрих хотын Технологийн Их сургуульд байгалийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан нэгэн юм. Их Британид төгсч ирээд эхэлсэн ажил нь зуданд нэрвэгдсэн малчдад туслах хүмүүнлэгийн төсөл байсан аж.

Дөрвөн цагийн эргэлтэд таван хошуу малаа адгуулах малчин хүний хөдөлмөр дуусна гэж үгүй. Үүр цүүрээр босож үнээ малаа саахаас эхлээд сүү цагаан идээгээ боловсруулах, арьсаа элдэх гээд малаа хотлуулах хүртэл борви бохисхийлгүй ажиллана. Ийм их хөдөлмөрийн үр шимээр бий болж байгааг мэддэг учраас тэрбээр малчин хүний хөдөлмөрт нэмүү өртөг шингээхийг хүссэн нь ширэн бөмбөг, хөөврөн цамц болж биеллээ олжээ.

Сарлагийн арьсан бөмбөг ч бас ийм л сэтгэлээс “төрсөн” аж.

Тэрбээр хөдөө явахдаа хүүхдүүд баярлуулахаар хичээлийн хэрэглэл авдаг байжээ. Нэг удаа малчин айлын хүүхдүүд хуучирч шалчийсан бөмбөгөөр тоглож байхыг хараад дараа заавал шинэ бөмбөг өгье гэж бодсон хэрэг. 

Амласан ёсоороо захаас авсан хятад бөмбөгний үнэрний таагүйг яана. “Хүүхдүүдэд чанаргүй зүйл өгөх нь дээ, хэд өшиглөөд л задарчих нь. Манай монголчууд ядаж арьсан бөмбөгөө өөрсдөө хийчихдэг бол” гэсэн бодол өвөртөлсөөр иржээ.

Энэ санаа хожмоо монгол бөмбөгтэй болохсон гэх санаа сэдлийн эхлэл болсон гэж Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан ярилаа. 

Дараа нь монгол арьсан бөмбөгөө бэлэглээд гар утсаараа QR кодыг уншуулахад хүүхдүүд жигтэйхэн баярласан. Малчид ч гэсэн таны малын технологийн дагуу бэлдсэн арьс ийм бөмбөг болчихлоо, таны зураг хүртэл гараад ирнэ гэхээр хараад хүүхэд шиг баярлан, таатай хүлээн авдаг гэсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “Малчин ахуйг, нүүдэлчдийн амьдралын хэцүү бэрхийг хүүхэд бага наснаасаа мэдэрч ойлгосондоо баярладаг. Тийм биш бол энэ ажлаа би өдий зэрэгтэй хийж чадахгүй л байсан болов уу” хэмээн ярилаа.

Түүний санаачлан хийсэн төслүүд, сум орон нутгийн иргэдийн амьжиргаанд тус дөхөм болсоор байна.

Тухайлбал, Аялал жуулчлалын “Тэсийн голын Монголчууд”, “Говийн зэрэглээ”, “Дуутын вансэмбэрүү”, “Тэрхийн бор сарлаг”, “Ингэний сүүн  гоо сайхны бүтээгдэхүүнүүд”, “Халтар арвайн гурил”, “Торомны ноосон тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн”, “Тэсийн зэрлэг чацарганы тос” зэрэг Монголын нүүдлийн мал аж ахуйн ондоошил, нутаг нутагийн давуу талууд, заншил, арга ухааныг шингээсэн олон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг санаачлан хийж хүлээлгэн өгчээ. Түүнээс зорилгыг нь асуухад,

“Шидэт бөмбөг”-ийг үйлдвэрлэж эхэлснээр олон олон газруудын амьжиргаанд тус дөхөм болсоор байна.

“Миний мөрөөдөл бол аймаг, сум бүрийг өөрийн гэсэн “нич” бүтээгдэхүүнтэй болгох. Энэ ажлыг л хийж юмсан гэж бодож явдаг” хэмээн тэр өгүүлсэн билээ. 

Ц.Энх-Амгалан нь ажиллах хугацаандаа малчдын дөрвөн улирлын бэлчээрээ амрааж сэлгэж ашиглаж ирсэн уламжлалт технологи мэдлэг дээр суурилсан бэлчээрийн зохистой ашиглалтын ажилд 90 мянган малчин өрхүүдийг нэгтгэж, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, хянах механизмыг бий болгон үүн дээрээ үндэслэн малчдын дунд 80 түүхий эдийн хоршоо, 44 хадгаламж зээлийн хоршоодыг хөгжүүлж, 30 гаруй сумдын малчидын бэлчээр ашиглалтын хандлагыг өөрчилж 5 сая га газрыг талхагдахаас сэргийлж чадсан бидний бахархал болсон эмэгтэйчүүдийн нэг юм.

Эх сурвалж: PEAK.MN 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version