БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар Улаанбаатар хотод гүүрэн байгууламжуудыг шинэчлэх, засварлах, өргөтгөх төслүүдийг хэрэгжүүлж байна.
Нийслэлийн удирдлагын шинэ багийн эхлүүлж буй төслийн хүрээнд “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Сонсголонгийн 289.4у/м гүүрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.
Ийнхүү Улаанбаатар хотод өрнөх 4 томоохон гүүрний бүтээн байгуулалтын нээлтийг хийж, ажил эхэлж байна. Тус гүүртэй холбогдож буй төмөр бетон авто замыг Гудамж төслийн хүрээнд 4 эгнээ болгон өргөтгөсөн тул гүүрийн зорчих хэсгийг тухайн авто замтай уялдуулан өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм.
Мөн нисэх, яармаг чиглэлд томоохон орон сууцны хорооллууд шинээр баригдаж, хүн амын нягтрал ихэсч, суурьшлын бүс тэлсэн. Гүүрийг өргөтгөн шинэчилснээр нисэх, яармаг чиглэл, тухайн чиглэлээс баруун аймгууд руу гарах замын ачаалал багасах ач холбогдолтой юм.
Тухайлбал, Сонсголонгийн 289 урт метр гүүрийг шинэчлэн бариснаар эдийн засаг болон нийслэл хотын төлөвлөлтөнд онцгой ач холбогдолтой юм. Энэ төслийн хүрээнд сонсголонгийн хуучин гүүрний хажууд параллелиар 10.4 метр өргөн 2 эгнээтэй, 289.4 метр гүүр шинээр барьж, хуучин гүүрийг шинэчлэн, нийт 21 метр өргөнтэй 4 эгнээ гүүр бий болно.” хэмээлээ.
Төслийн нарийвчилсан зураг төслийг зөвлөх үйлчилгээний “ГБЕТ” ХХК боловсруулсан байна. Гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” компани шалгарч, төслийн барилгын ажлыг 2017-2018 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.