Уул уурхайFocus

Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байна

Эрдэнэт үйлдвэр жил бүр нийт ажилтнууд болон ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Энэ жилийн ээлжит үзлэг 7 сарын 5-нд  эхэлсэн.

“Ковид-19” цар тахлын тархалт ихэссэн цаг үе тул энэ удаагийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулалтын хувьд онцлогтой гэдгийг Эрдэнэт сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэг мэдээлэлдээ онцлов. Тухайлбал, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс цагийн нарийвчилсан товлолын дагуу өдөрт 50-иас дээшгүй ажилтныг хамруулж байна.

Ажилтнууд үзлэгт орох хуваарьт өдрийнхөө өмнө нь “ковид-19” халдварын түргэвчилсэн болон PCR шинжилгээг заавал өгч, хариуг нь авч ирэх аж.  Мөн өөрт ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илэрвэл урьдчилан мэдэгдэж, үзлэгийн хуваарийг хойшлуулах юм байна.

Түүнчлэн хүн бүр үзлэг шинжилгээнд хамрагдаж байхдаа зай барих, амны хаалт зүүх гэх мэтчилэн халдвар хамгааллын дэглэм чанд баримтлах шаардлагатайг анхааруулж байна. 2021 оны эрүүл мэндийн үзлэгийн үндсэн 16 багц дээр  залуучуудын багц шинээр нэмэгджээ. Үүнд бүдүүн гэдэс, ходоодны дуран болон хавдрын шинжилгээнүүд багтаж буй аж. 

Эрдэнэт сувиллын цогцолбор, Медипас эмнэлэгтэй хамтран 2021 оны эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахын зэрэгцээ “ковид-19” халдварын тандалт судалгааг тасралтгүй үргэлжлүүлж байна. Халдвар илрүүлж, тархалт багасгах зорилгоор өнгөрсөн 3 сараас хойш нийт 28456 хүнээс түргэвчилсэн, 15446 хүнээс PCR шинжилгээ авчээ.

Эрдэнэт сувиллын цогцолборт энэ оны 5 сард вируслоги лабораторийн төхөөрөмж суурилуулснаар  PCR шинжилгээ хийж эхэлсэн байна.  Одоогийн байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд 785 тохиолдол батлагдаж, эмчлүүлжээ. Тандалт судалгааны ажлын хүрээнд дээрх тохиолдлуудын 560 буюу 70-80 хувь нь ажлын байрнаас үүдэлтэй байгааг тогтоожээ.

Тиймээс ажлын байран дахь халдвар авах эрсдлээс хамгаалах, бууруулах зорилгоор энэ сарын 12-ноос үйлдвэрийн ажилтнуудад шүлсээр шинжлэх оношлуур тарааж, ашиглаж эхлээд байна. Ажилтнууд өглөө ажилдаа ирэхийн өмнө 15 минутын хугацаанд халдвартай эсэхээ шүлсээр оношлодог болсноор эрсдэл буурч байгааг тандалт судалгааны багийнхан онцолсон.

Харин халдвар авах бусад эрсдлүүд гэр бүлийн хүрээнээс гарч байна. Иймээс хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй, амралт зугаалгын үеэр ч чанд  баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна.  

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version