Ёкозуна Хакухо Даваажаргалтай спортыг дэмжих чиглэлд хамтарна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдынхаа хамтаар Япон улсад ирэхдээ хэдэн хэдэн албан уулзалт хийсэн байна. Тухайлбал “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн элч, сумо бөхийн 69 дэх Ёкозуна Хакухо Даваажаргалтай спортыг дэмжих чиглэлд тодорхой ажлууд дээр санал солилцсоны үр дүнд, хоёр орны хөлбөмбөгийн спорт дахь хамтын ажиллагаа улам өргөжихөөр боллоо.
Тодруулбал Ёкозуна Хакухо Даваажаргал Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын дараа “AC Milan”, “ЦСКА- Москва” клубт болон Японы шигшээ багт нийт 98 тоглолтод оролцож 39 гоол оруулсан алдарт хөлбөмбөгчин Кейсү Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар санал солилцсон байна. Үүний үр дүнд цар тахлын нөхцөл байдал намдмагц тэд Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзахаар тов тогтжээ.
Дашрамд сонирхуулахад Токио-1964 зуны XVIII олимпын наадамд Хакухо Даваажаргалын аав Х.Мөнхбат чөлөөт бөхөөр, Кейсү Хондагийн авга ах завины төрөлд оролцож байжээ.
Токио-гийн тэнгэрт Монголчууд амжилтаар буухиалж төрийн далбаагаа урьд өмнөх олимпын наадмаас олонтоо мандуулахаар хичээн зүтгэж байна. Олимпын 6 дахь өдрийн дараах байдлаар манай баг тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаараа дэлхийн 206 орноос 40-р байрт бичигдэж байна.