Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийв
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нарын айлчлалыг цар тахлын нөхцөл байдлыг тогтворжсоны дараагаар аль болох эрт хэрэгжүүлэх, парламент хоорондын байнгын уулзалтын механизм болон ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлэлцээний механизмын уулзалтыг зохих хэлбэрээр зохион байгуулахаар санал нэгдэв.
Хоёр улс Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөлд харилцааны идэвхтэй харилцааг хадгалж, цар тахлын эсрэг үлгэр жишээ болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглэв.
Ковид-19 цар тахлын эсрэг хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэхээр хоёр тал санал нэгдэж, “Цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-ийг гаргав.
Хамтарсан мэдэгдэлд цар тахлаас урьдчилан сэргийлэх болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх ажлыг цогцоор урагшлуулж, Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журмыг бүрэн ашиглаж, худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхийг онцлон тэмдэглэлээ.
Талууд хөгжлийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлж, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчныг хамгаалал зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын хугацаанд хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.
Коронавируст халдварын тархалтаас сэргийлэх арга хэмжээг авсны үндсэн дээр Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг хоёр улсынбоомтуудаар бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны нүүрс худалдан авах гэрээг арилжааны зарчмаар байгуулах, тээвэрлэлтийн шинэлэг хэлбэрийг судлан хэрэгжүүлэх замаар Монголоос нийлүүлэх нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр тохиролцов. Мөн Монголоос нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын баруун бүсээс мах экспортлохыг сэргээх явцыг түргэтгэхэд хамтран ажиллахаар тохиролцов.
Талууд Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөлийн ээлжит хуралдааныг энэ оны гуравдугаар улиралд зохион байгуулж, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг нарийвчлан ярилцахаар тогтлоо.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн шугам огтлолцох цэгийг тогтох ажлыг эрчимжүүлэхээр талууд тохиролцов.
Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн явцыг түргэтгэх, цар тахлын улмаас тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд хоёр талын холбогдох байгууллага илүү анхаарал хандуулж ажиллахаар тохиролцов.
хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцсоны дагуу хоёр талын холбогдох байгууллагуудын хооронд мэдээлэл солилцоог шуурхай болгож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар санал нэгдэв. “Цөлжилттэй тэмцэх, шар шороон шуурганы нүүдэл, түүнээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг идэвхжүүлэх тухай протокол”-д гарын үсэг зурсан болон “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ыг шинэчлэн байгуулахаар тохиролцсон нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.
Талууд хоёр улсын соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цар тахлын нөхцөлд аль болох хэвийн явуулахын төлөө байгаагаа илэрхийлэв. Халдвар хамгааллын нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр хоёр улсын иргэд харилцан зорчихыг үе шаттайгаар сэргээхийн төлөө ажиллахаар тогтов. Монгол оюутнууд БНХАУ-д ирж танхимаар үргэлжлүүлэн суралцуулах асуудлыг хятадын тал нааштай судлан үзэхээ илэрхийлэв.
Талууд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдо