НийтлэлНийгэмОнцлох

“Хийлдэг завь тоглоом биш”

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гол мөрөн, нууруудад усны ослоор амь насаа алдсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд онцгой байдлын байгууллагын мэдээлснээр усны ослын гол шалтгаан нь бага насны хүүхдээ усны ойролцоо хараа хяналтгүй орхих, тэдэнд тавих хяналтаа сулруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, мөрөн, нуурын усанд орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэл (хийлдэг гудас, хөвөгч тоглоом) ашиглаж байгаатай холбоотой гэж дүгнэж байна. Энэхүү осол, эндэгдлийг дахин гаргуулахгүй байх, бууруулах, урьдчилан сэргийлэх талаар хариуцсан төрийн байгууллагууд тодорхой ажил хийж байгаа хэдий ч иргэдийн зүгээс хариуцлагатай аялж, өөрийнхөө болон бусдын амь насыг хамгаалахад онцгой анхаарах шаардлагатай байна. 

Аялагч иргэдийн гол, мөрөн, нууранд нийтлэг ашигладаг ахуйн зориулалттай “Intex” маркийн хийлдэг завийг хэрхэн, зөв ашиглах талаар тодорхой мэдээлэлгүйгээс усанд осолдох тохиолдол гарсаар байна.

Иймээс иргэд олон нийтэд зориулан “Intex” маркийн хийлдэг завийг аюул, осолгүй ашиглах талаар “Хийлдэг завь тоглоом биш” зөвлөмжийг мэргэжлийн байгууллага болох Монгол Улсын Далайн захиргаанаас бэлтгэн хүргэж байна. Тус байгууллагаас олон нийтэд чиглэсэн “Хийлдэг завь тоглоом биш” аяныг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү аянд орон нутгийн захиргааны байгууллага, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

“Intex” маркийн хийлдэг завийг хаана ашиглаж болох талаар товч мэдээллийг хүргэе. Энэхүү завийг эргийн хамгаалалт бүхий газарт эсхүл жижиг нуур цөөрөм, голын гүехэн хэсэг, булан тохойд, салхины хүч нь 4 м/сек, давлагааны өндөр нь 0,3м-тэй усан орчинд ашиглах зориулалттайг анхаарах хэрэгтэй.  

           Intex” маркийн хийлдэг завийг ашигдахад анхааруулах болон хориглох зүйлс:

  • “Intex” маркийн хийлдэг завь нь зориулалтын хувьд аврах завь, хэрэгсэл биш гэдгийг мартаж болохгүй;
  • Уг завийг шумбалтад ашиглаж болохгүй;
  • Хийлдэг завийг усан замын ямар нэгэн тээврийн хэрэгслээр чирч ашиглаж болохгүй;
  • Хийлдэг завийг ашиглахын өмнө хэрэглэгчийн гарын авлагатай танилцаж, ашиглах заавар, гарын авлагыг сайтар судалсан байх; 
  • Гарын авлагад заасан аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөх;
  • Завийг зааврын дагуу хийлж, хэсэг хугацааны дараа бүрэн бүтэн эсэхийг заавал шалгах шаардлагатай;
  • Завины даацыг хэтрүүлэн хөдөлгөөн хийхийг хориглох;
  • Завийг усан дээр гаргахын өмнө бүх зорчигчид аврах хантааз өмсүүлсэн эсэхийг шалгах;
  • Тогтвортой байдлыг хангах үүднээс хийлдэг завины төв хэсэгт гишгэн бууж, сууж байх;
  • Завин дээрх ачааллыг нэг талд нь бөөгнөрүүлэхгүй, тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор жолоодогч нь зорчигчдыг суудалд хуваарилан суулгах үүрэгтэй;
  • Хөдөлгөөний үед босч зогсох, суудал солих зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх;
  • Завь болон хөвөгч хэрэгслийг ашиглаагүй үедээ усны ойролцоо эзэнгүй, сул орхихоос зайлсхийх;
  • Хийлдэг завь нь ширүүн урсгалтай, харгиатай гол дээр болон бусад аюултай, эрсдэлтэй /экстрим/ спортод ашиглахад зориулагдаагүйг анхаарах;
  • Хэрэв таны хийлдэг завь цоорч, урагдсан бол бүү ашиглаарай;
  • Завийг ашиглах явцдаа аль болох хурц үзүүртэй зүйлс, хүчиллэг болон бусад идэмхий төрлийн химийн бодисын ойролцоо байлгахаас зайлсхийх;
  • Согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм бодис хэрэглэсэн үедээ завь жолоодож болохгүйг анхаарах;
  • Тухайн орон нутгийн захиргаанаас гаргасан шийдвэрүүдийг дагаж мөрдөх;
  • Эрх бүхий байгууллагаас тогтоосон бүс, хязгаарлалт дотор хийлдэг завийг ашиглах;
  • Цаг агаарын байдал хурдан өөрчлөгдөх эрсдэлтэй тул аль болох хурдан хугацаанд эрэг рүү буцах эрэгт ойр зайнд аялах шаардлагатайг анхаараарай.

Усан замын тээврийн тухай хууль болон Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байснаар иргэн та өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас сэргийлж чадна.

МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version