Гадаад харилцааWorldОнцлох

Далайд гарцгүй орнууд мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлнэ

2021 оны 07 дугаар сарын 22. Женев хот. Энэ өдөр болсон Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Элчин сайд нарын уулзалтад Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Цахилгаан холбооны хөгжлийн салбарын дарга, хатагтай Doreen Bogdan-Martin оролцож, тус байгууллагын үйл ажиллагаа болон олон улсын цахим хөгжлийн бодлого, цахим хөгжилд тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж, бүлгийн гишүүдтэй санал солилцов.

Хатагтай Дориин тавьсан илтгэлдээ дэлхий дахинаа өдгөө 3.2 тэрбум хүн интернетэд холбогдоогүй байгааг тэмдэглээд технологийн дэвшлийн үр өгөөжийг бүх хүнд, хаана байгаагаас нь үл хамаарч хүртээх нь тус байгууллагын зорилт болохыг онцлов. Тэрээр мөн далайд гарцгүй хөгжиж буй улсуудын нийт хүн амын дөнгөж 27 хувь нь интернет ашиглаж байгаа ба интернет хэрэглээний өртөг нь дэлхийн дундажтай харьцуулахад эдгээр улсад 27 хувиар өндөр байгааг мэдээлэв.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын бүлгийн Женев дэх зохицуулагчийн хувиар хэлсэн үгэндээ Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын асуудлаарх Венийн үйл ажиллагааны хөтөлбөр ирэх 2024 онд дуусгавар болохыг тэмдэглээд, 2024 оноос цааш хэрэгжих дараагийн 10 жилийн хөтөлбөрт далайд гарцгүй хөгжиж буй улсуудын цахим хөгжлийг хурдасгах талаар бодитой зорилт дэвшүүлж, энэ чиглэлээр ОУЦХБ-тай хамтран ажиллах санал дэвшүүлэв. Тэрээр мөн мэдээлэл, холбооны технологийн хөгжил нь далайд гарцгүй улсуудын хувьд худалдааны түншүүдийн хүрээгээ тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх хөгжлийн шинэ гарц болох ач холбогдолтойг тодотгов.

1865 онд байгууллагдсан ОУЦХБ нь анхны олон улсын байгууллагуудын нэг бөгөөд мэдээлэл, холбооны технологийн дэвшилд суурилан дэлхий дахиныг бүхэлд нь холбох үндсэн зорилготой. Өдгөө тус байгууллага нь үйл ажиллагааныхаа хүрээнд алслагдсан орон нутаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настай иргэдийн цахим оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх, электрон хог хаягдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх сүлжээний шийдэл, цахим боловсролын хөтөлбөр, ухаалаг хот, суурин зэрэг олон чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: ГХЯ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version