Вирусын эсрэг эмийн нэр төрөл, хангамжийг нэмэгдүүлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт /2021.07.21/ ажиллалаа.
ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ-ын бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсэг Ковид-19 цар тахлын үед шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд 2021 оны зургадугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалт хийхэд багагүй зөрчил дутагдлууд илэрсэн тул Шадар сайд вирусын эсрэг эмийн нөөц, хангамж болон үнийн асуудлаар газар дээр нь ажиллаж, хариуцсан агентлагийнханд тодорхой үүрэг даалгавар өглөө.
Тэрээр хэлэхдээ “Вирусын эсрэг эмийн нийлүүлэлтийн талаарх мэдээллийн тэгш бус, хаалттай байдал нь ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, хомсдол үүсэх гол хүчин зүйл болж байна. ЭМЯ-наас 2020 онд “Ремдесивир” эмийг худалдан авах ажиллагааг зохион байгуулахад нэг бүрийг нь 315.000 төгрөгөөр нийлүүлж байсан бол одоо бид шууд үйлдвэрлэгчдээс нэг бүрийг нь 50.000 төгрөгөөр оруулж ирэхээр ярилцаж байна.
Эмийн нөөц хангамжийн тухайд нэг удаагийн лицензийг гэрээт ААН-үүдэд хэт их хэмжээгээр олгодгийн улмаас бусад ААН-үүдэд квот олдохгүй байгаа тул нэг удаагийн лицензийг хүртээмжтэй байдлаар ААН-үүдийн хүчин чадалд тохируулан олгох шаардлагатай байна. Мөн эм оруулж ирдэг бөөний төвүүдийн үнэ дээр эмийн сангууд 30-40 хувь нэмж зах зээлд борлуулж байгааг таслан зогсоох хэрэгтэй” гэсэн юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан, “Eрөнхий гэрээгээр тeндер зарлаж, вирусын эсрэг 3 төрлийн эмийг нэмж оруулж ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр вирусын эсрэг эмийн нөөц хангамж сайжирч үнэ буурах боломжтой. Мөн дэлхийд сүүлийн үeд эмчилгээний хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдож байгаа, маш хүнд, хүнд өвчтэй иргэдэд хэрэглэдэг тоцилизумаб эмнээс эхний ээлжинд 2000 ширхэгийг авчирч байгаа” гэлээ.
Уулзалтын төгсгөлд, Шадар сайд ирэх сарын 1-ний өдрөөс өмнө улсын эмнэлгүүдийн эмийн нөөцийг тасалдуулахгүй хангаж, иргэд эм тариаг гаднаас худалдан авдаг байдлыг таслан зогсоохыг үүрэг болголоо.