Засгийн газарГадаад харилцааХАА-н салбарОнцлох

Элчин сайд Филипп Мэрлин-г хүлээн авч уулзав

Франц улсаас манай улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин болон тус элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзан, хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг дүгнэн ярилцлаа. Сүүлийн жилүүдэд Монгол, Франц хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж, эрчимтэй хөгжиж байна.

Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор мах сүүний чиглэлийн үхэр, сүүний чиглэлийн ямаа, ноосны чиглэлийн хонийг амьдаар нь импортолж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж ажилласан.

Францын хүнсний тусламжийн сангийн хүрээнд олгодог бичил зээл нь хөдөө орон нутгийн малчин өрхүүдэд чухал түлхэц болж байдаг. Мөн “Монгол Улсын малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийг шинэчлэх” төслийг Дэлхийн худалдааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэхэд чухал үүрэг гүйцэтгэн дэмжлэг үзүүлж ирсэн элчин сайдад талархлаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол орны онцлог бүтээгдэхүүн болох чацарганыг газар зүйн заалтад бүртгүүлэх чиглэлээр хоёр тал үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахаар тохиролцлоо.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, ноён Филипп Мэрлин хоёр улс хоорондын дипломат харилцааны түвшинг ахиулах, ялангуяа хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласныг үнэлж Монгол улсын Засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version