Уул уурхайОнцлох

Н.Тавинбэх: Амаргүй цагт ажиллаж байгаа Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчдад талархаж байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ сарын 19-ний өдөр Эрдэнэт хотод албан томилолтоор ажиллав. Томилолтын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ үйлдвэрийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, тус үйлдвэрт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн цахилгаан хангамжтай холбоотой асуудлуудаар санал солилцлоо.

Мөн цахилгаан хангамж, түүний найдвартай, хүртээмжтэй байдалд өндөр шалгуур тавигддаг үйлдвэрийн хувьд цаашид хамтарч шийдвэрлэх шаардлагатай олон асуудал буйг сонсож, өөрийн санал бодлоо хуваалцав. Эрчим хүчний сайдыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх болон холбогдох хэлтэс, цехийн удирдлага, мэргэжилтнүүд хүлээн авч, мэдээлэл танилцуулга хийсэн.  

Сайд Н.Тавинбэх Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тус үйлдвэрийн хамт олны ажлын амжилт, тухайлбал цар тахлын үед улс орны нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар онцлов. Тэрээр, “Ковид-19 цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 12 сарын 01-нээс энэ оны 7 сарын 01-ний өдрийг хүртэлх зарим аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн цахилгаан эрчим хүч, дулааны уур, хог усны хураамжийг хариуцаж төлөхөөр шийдвэрлэсэн.

Өнгөрсөн 7 хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас дээрх шийдвэрийг 2021 оны 12 сарын 31 хүртэл буюу он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Энэ нь ковидын улмаас эдийн засгийн хүндрэл хэвийн горимд орж чадахгүй байгаатай холбоотой. Засгийн газрын дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр хариуцаж, төлж байгаа.

Ингэснээр, нийгэм болон эрчим хүчний салбарт ач тусаа өгч байна. Цар тахлын улмаас хэрэглэгчдийн төлбөрийн чадвар муудаж, цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг барагдуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байсан.

Энэ хүндрэл нь цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэгчид, салбарынханд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тулгамдсан асуудал болсон ч төр энэ асуудлыг даахаар шийдвэрлэснээр эрчим хүчний салбар хэвийн ажиллах боломж бүрдэж байна.

Мөн ажлын байрыг тогтвортой хадгалах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, айл өрх, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг өгөх зэрэг олон үр дүн гарлаа.

Тийм учраас салбарын сайдын хувьд амаргүй цаг үед улсад, салбарт хэрэгтэй арга хэмжээг санхүүжүүлж буй Эрдэнэт үйлдвэрийн нийт уурхайчид, хамт олонд талархаж буйгаа илэрхийлье. Дашрамд хэлэхэд, үндэсний үйлдвэр гэдэг ямар чухал болохыг энэ арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнд маш сайн ойлголоо” гэсэн юм.   

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ удаагийн албан томилолтын зорилгоо Эрдэнэт хотод хэрэгжиж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хоёр төслийн гүйцэтгэлийн явцтай танилцахад чиглүүлсэн байна.

Эдгээр төслийн эхнийх нь цахилгаан, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилготой Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт өргөтгөх төсөл бол нөгөө нь дэлхийн банкны санхүүжилтээр Эрдэнэт хотын цахилгаан хангамжийн хуваарилах сүлжээг бүрэн шинэчлэх ажил аж.

Өнөөдрийн байдлаар, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын өргөтгөл 96 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд  ирэх 10 сарын эхээр барилга угсралтын ажлыг бүрэн дуусаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Харин цахилгаан хангамжийн хуваарилах сүлжээг шинэчилснээр Эрдэнэт хотын цахилгаан хангамж ухаалаг түгээх сүлжээ болно. Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүч түгээх, хангах ажиллагаа нь хүний оролцоогүйгээр явагддаг болно гэсэн үг юм.

М.Балжинням

Фото Ч.Бадрал

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version