НийгэмFocus

Иргэдэд НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс олгоно

Нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор олгохоор баталгаажуулж, олгохыг Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг мэдээллээ.

Энэ оны нэгдүгээр улиралд нийт нэг сая 23 мянга 235 иргэнд 40.6 тэрбум төгрөг буцаан олгосон. Харин энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор улсын хэмжээнд нэг сая 166 мянга 880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийн буцаан олголт олгохоор баталгаажаад байна. НӨАТ-ын буцаан олголтыг долдугаар сарын 20-ны дотор өгөхөөр хуульд заасан. Татварын ерөнхий газраас Төрийн сан руу шилжүүлэг хийхээр ажиллаж байна.

Төрийн сангаас бичилт, шилжүүлэг хийгдсэнээр арилжааны банкууд гүйлгээ хийж эхэлнэ. “Ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг.

Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлж эхэлж байгаа. Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.11.2 дугаар заалтад “Хувийн мэдээллээ залруулаагүйгээс болон энэ журмын 4.6-д заасан хугацаанд төлбөрийн баримтаа бүртгүүлээгүйгээс тухайн улиралд өссөн дүнгээр, тухайн жилд олгогдоогүй урамшууллыг дараа жилийн эхний хагаст багтаан олгоно” гэж тусгасан байдаг.

Энэ  журмын дагуу нэг, хоёр, гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг дөрөв, долоо, аравдугаар сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Харин  оны дөрөвдүгээр улирлын буюу жилийн эцсийн  урамшууллыг  дараа жилийн эхний хагаст багтаан олгодог. Тэгэхээр иргэд хувийн мэдээлэл зөрүүтэйгээс юмуу төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй  шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн  улиралд өссөн дүнгээр буцаан олголтоо авах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version