Уул уурхайЯрилцлага

Д.Эрдэнэбат: “Уурхайчин-3” хороололд байр захиалга эхэлсэн

“Эрдэнэт үйлдвэр” ажиллагсадаа орон сууцжуулах нийгмийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Тодруулбал, 1300 айлын орон сууцны гурван хороолол Эрдэнэт хотод баригдаж байгаа юм. Уурхайчин-1, 2, 3 төслийн барилгын явц, захиалгын талаар Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбатаас тодрууллаа. 

-“Уурхайчин-1” хорооллын орон сууцууд захиалагч нараа хүлээн авахад бэлэн болсон харагдана. Хэзээ ашиглалтад орох вэ? 
-300 айлын орон сууцны “Уурхайчин-1” хороолол ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ төсөл дээр хоёр компани ажилласан. Дөрвөн байрыг нь “Химон”, хоёр байрыг нь “Немон” компани барьж байгаа.

“Химон”-ы барьж байгаа орон сууцны А, Б байрыг Улсын комисс хүлээгээд авчихсан. Захиалсан ажилчдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч байгаа. Үүний дараа орон сууцны үнийн дэмжлэг болох 12 сая төгрөгийг манайхаас шилжүүлдэг. Өнгөрсөн долоо хоногт 23 хүнд, энэ долоо хоногт 15 ажилтанд дэмжлэгийн мөнгийг шилжүүлсэн.

-“Уурхайчин-1” хороололд захиалах байр үлдсэн үү? 
-Захиалга бүрэн дууссан. “Химон”-ы байрууд энэ сарын төгсгөл гэхэд ашиглалтад орно. “Немон” компанийнх наймдугаар сард ашиглалтад орно. 

-Харин “Уурхайчин-2” хорооллын барилгын ажил удаашралтай яваа харагдах юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү?  
– Газар шорооны ажил нь дууссан. Одоо суурийн ажил явагдаж байгаа. Онцлог нь  “Уурхайчин-2, 3”-ын дэд бүтцийг шинээр татаж байгаа. Энэ ажил ондоо багтаад дуусчих юм бол барилгын ажил эрчимтэй явах нөхцөл бүрдэнэ. Түүнээс гадна “Уурхайчин-2”-ын хувьд гэрээ шинэчлэлийн ажил явагдаж байгаа.  


-Амины орон сууцны “Уурхайчин-3” хорооллын тухайд…?       
-“Уурхайчин-3” хорооллын барилгын ажил эрчтэй сайн яваа. 80 байр цутгагдаад босчихсон. “Уурхайчин-3” хороолол 2022 оны тавдугаар сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Дэд бүтэц орчих юм бол төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломжтой. 

-“Уурхайчин-3” хороолол сингл хаус, таунхаусаас бүрдэж байгаа. Талбайн хэмжээг танилцуулахгүй юу?
-187-356 м2 талбай бүхий таван загвар бий. “Уурхайчин-3” хорооллын хэрэгцээ их байсан учраас оны эхнээс өргөдөл авч эхэлсэн. Захиалга биш зөвхөн орохыг хүссэн хүмүүсийн бүртгэл юм. Одоогоор 255 ажилчин бүртгүүлээд байна.

-Өргөдлөө өгсөн ажилчид захиалгад хамрагдана гэсэн үг үү? 
-Тийм. Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярт хандан “Уурхайчин-3” хорооллын байр авах хүсэлтэй тул бүртгэлд оруулж өгнө үү гэсэн утгатай өргөдөл бичиж өгнө. Бүртгэлийг манай хэлтэс хийж байгаа. Хороолол ашиглалтад орох дөхөхөөр бид өргөдөл өгсөн дарааллын дагуу ажилчдыг дуудаж байрыг нь сонгуулж захиалгад хамруулах юм. 

-Сүүлийн үед гүйцэтгэгч компаниуд гэрээ шинэчлэх санал тавьж байгаа нь барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой талбайн үнэлгээгээ нэмэх гээд байх шиг байна.
Энэ тал дээр Эрдэнэт үйлдвэр ажилчдынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? 
-“Уурхайчин-2”, “Уурхайчин-3” хороолол барьж байгаа компаниудын зүгээс цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор тээврийн зардал өссөн, барилгын материалын үнэ нэмэгдсэн учраас талбайн үнэлгээгээ нэмэгдүүлэх саналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тавьсан. Энэ чиглэлээр ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Шийдвэр хараахан гараагүй. Гэхдээ нийгмийн төслүүд дээр үнэ нэмэх нь оновчтой зохицуулалт биш гэж Нийгмийн харилцааны хэлтсийн зүгээс үзэж байгаа учраас тодорхой санал дэвшүүлсэн. 

-Баярлалаа.    

М.ОДГЭРЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version