АНУ-ын Жорж Мейсоны Их сургууль, Канзасын Их сургууль, Флоридагийн Их сургууль, Мичиганы Их сургуульд Монгол оюутнуудыг хямд зардлаар сургах боломжийг Боловсрол, шинжлэх ухааны яам нээсэн.
Тодруулбал, ШУТИС-ийн оюутнууд Жорж Мейсоны их сургуулийн 2+2 хөтөлбөр, ХААИС-ийн оюутнууд Флоридагийн их сургуулийн 2+2 хөтөлбөрт хамрагдах бол Канзас хотын Миссуригийн их сургуулийн Бизнесийн сургуулийн баклавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, Инженер, Шинжлэх ухааны сургуульд 8500 ам.долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдсэн юм.
Энэхүү гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Ё.Отгонбаяр ихээхэн дэмжлэг үзүүлж ажилласан. Дээрх хамтын ажиллагааны явц, ахицын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй яамны удирдлагууд өнөөдөр Элчин сайд асан Ё.Отгонбаяр, МУИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС, СУИС, МУБИС-ийн захирлуудтай цахимаар хуралдлаа.
2+2 хөтөлбөрт хамрагдах оюутны голч дүн 2.75-аас доошгүй, TOEFL IBT 80 болон түүнээс дээш, IELTS 6.5 оноотой байхыг шаардаж байгаа бөгөөд цаашид эдгээр сургуулиудад элсэхээр төлөвлөж байгаа оюутнууд тухайн сургуультай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх дотоодын их сургуулиас зөв мэдээлэл авах боломжтой.
АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС-ийн удирдлагууд төрийн өмчийн зургаан сургуулийн хамтралын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа мөн танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд уулзалтын төгсгөлд их сургуулиудын хамтын ажиллагааны явц, ахицын талаар сар бүр тогтмол мэдээлэл солилцож байх саналыг дэвшүүллээ.