Олимпод оролцох тамирчид “Хийморь” загвараар гангарна
Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилтыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлэх зорилготой 59 дүгээр тогтоол батлагдсан юм.
Энэ дагуу Токио-2020 зуны олимп, парлимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцас хэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаан зарлахад нийт 10 загвар зохион бүтээгч өрсөлдөж “Мишел Амазонка” ХХК-ийн “Хийморь” загвар шалгарсан.
Спорт хувцсны загвар дизайны тухайд орчин үеийн хэв загвар бүхий бие барьсан, бусад ямар ч төрлийн хувцас хэрэгсэлтэй хоршиж илүү загварлаг бөгөөд дэгжин байх үүднээс бодолцсон. Суга, нуруу болон зарим хэсгүүдэд хөлрөлт гадагшлуулах хамгийн сүүлийн үеийн агаар нэвтрүүлэх технологи бүхий нэмэлт жижиг нүхтэй материалаар оруулга оруулсан.
Материалын хувьд олон улсын стандартад нийцсэн хамгийн дээд зэрэглэлийн 220 гр/м зузаантай захиалгаар гаргаж авсан сүүн цагаан өнгөтэй. Өнгө сонголтын тухайд энгийн цагаан өнгийг бус илүү үнэ цэнтэй хэр нь чанартай, шинэлэг харагдуулах үүднээс сүүн цагаан /creamy white/ өнгийг тусгайлан захиалж гаргуулжээ.
Тус коллекц нь бүхэлдээ цагаан өнгөнөөс бүрдэх хэдий ч илүү чамин хэр нь сонирхолтой харагдуулах үүднээс улаан болон хөх өнгийн жижиг деталиудыг ханцуй, кант, зах, карма, цүнх зэрэгт оруулсан байна. Тамирчдын хувцасны энгэрт шовх оргил мэт гурвалжин дүрс тусгасан нь өндөр оргилыг билэгдэн, алтан медаль хүртэхийн ерөөлийн илэрхийлэл юм. Загварыг нэлэнхийдээ геометр дүрс ашиглан бүтээжээ.
Ёслолын хувцасны тухайд эдэлгээ, индүүдлэг, өнгө хадгалах чадвар хамгийн өндөр, хөнгөн, биед суух байдал зэргийг харгалзан үзэж 90%-ын бөс даавууны агууламж бүхий хар хөх өнгийн материалыг сонгон авч шифон, торго зэрэг бусад туслах материалуудаар баяжуулан үйлдвэрлэсэн байна.
Урагш тэмүүлэн давхиж буй морины толгойг орчин үеийн дүрслэх график арга барил, үндэсний хээ зурах арга барилтай хоршуулан энгэр тус бүр дээр алтлаг өнгийн утсаар хатгамал хийн тодруулж өгсөн. Мөн эмэгтэй хүний эрхэмсэг хатан оршихуй, эрэмгий байдал, цэвэр цэгцтэй байдал зэргийг илтгэх үүднээс монгол үндэсний сампин зангидах аргаар чимэглэсэн толгойн гоёл, гарын богц, давхар эсгэлт бүхий урт нарийн бүс зэргээр улам баяжуулжээ.