НийгэмFocus

“Бид бүтээв” тусгай зориулалтын автомашин хүлээлгэн өглөө

Батлан хамгаалах яамны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийнхны шинээр зохион бүтээсэн “Бид бүтээв” тусгай зориулалтын автомашинуудыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа /2021.07.05/ боллоо.

Нээлтэд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Н.Гантөмөр, Материал техникийн газрын штабын дарга, хурандаа З.Баянмөнх, Материал хангалтын хэлтсийн дарга, хурандаа С.Баяр-Очир, Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзориг, Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар болон 011 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Батлан хамгаалах салбарын хэмжээнд зэвсэг, техникийн засвар үйлчилгээг гардан гүйцэтгэхээс гадна гарын доорх материал, нөөц боломжоо ашиглан бэлэг дурсгалын зүйлс, лацны дардсаас эхлээд төрөл бүрийн хутга мэс, хээрийн халуун тогоо, засварчдын зөөврийн сууц зэргийг урладаг үйлдвэрлэгч буюу техник, технологи, инновац, сайжруулалт, зэвсэглэл техникийн хөгжлийг тодорхойлдог тус хамт олон түүхт ойн хүрээнд 3 загварын 4 төрлийн 25 нэгж тусгай зориулалтын автомашин үйлдвэрлээд байна.

Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч, хурандаа М.Батдорж хэлэхдээ, “Энэхүү ажлыг хийх хугацаанд бид маш ихийг сурч, мэдэж, мэргэшлийн хувьд асар их дадлага туршлагыг хуримтлуулж, ангийн түүхэн хөгжлийн томоохон суурийг тавиад байна. Учирч байсан хүндрэлүүдээс гадна коронавируст цар тахал өвчний томоохон шалгууруудыг бид бүхэн даван туулсан.

Бидэнд ухрах, алгуурлах цаг байгаагүйг та бүхэн бүгд мэдэж байгаа. Ангийн бие бүрэлдэхүүн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгээд өнөөдөр БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын өмнө зогсож байгаа нь цэрэг хүний итгэл даах мөн чанар гэж ойлгож байна. Бид бүгдийн ажлыг бодлогын болон бүхий л шатанд дэмжсэн БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, хамт олонд талархлаа” гэв.

Энэ үеэр дээрх автомашинуудыг оролцуулсан техникийн парадыг ангийн жагсаалын талбайд явуулав. Үүний дараа зарим бие бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнасныг гардуулан өглөө.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ангийн бие бүрэлдэхүүн болон шагнагдсан алба хаагчдад хандан “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, туулсан замналд танай ангийн гүйцэтгэсэн үүрэг тун их гэдгийг энэ өдөр тэмдэглэхэд таатай байна. Бид өнгөрсөн 100 жилийнхээ түүхийн хуудсыг хааж, Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийг нээж байна гэж ойлгох хэрэгтэй. Хамтран ажилласан аж ахуйн нэгж болон зөвлөх инженер Ц.Баатар танд талархсанаа илэрхийлье.

Танай ангийн зохион бүтээсэн техник хэрэгсэл, автомашинууд Зэвсэгт хүчний цаашдын хөгжилд томоохон түлхэц үзүүлэх болно. Яггүй олон үйл явдлыг та бүгд туулж гарсан. Шахуу хуваарийн дагуу ажилласан. Ар гэрийн хувьд ч хүндрэлтэй асуудлууд байсан. Гэсэн хэдий ч ажралгүй давж өнөөдөр техникүүдээ хүлээлгэн өгч байна.

Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг байгуулахад та бүхний ар гэр өндөр хувь нэмэр оруулсан гэдгийг хэлмээр байна. Бусдыгаа уриалж, Зэвсэгт хүчний шинэ зууны түүхийг бүтээлцэж, чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархаж байгааг минь хүлээн авна уу” гээд албанд нь амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэв.

Мөн тусгай зориулалтын автомашиныг зохион бүтээхэд зөвлөх инженерээр ажилласан Ц.Баатар “Залуус, ялангуяа Зэвсэгт хүчний алба хаагчидтайгаа хамтран ажиллахад маш их хурд, эрч хүчийг мэдэрлээ. Би 1963 оны цэрэг. Тэр цагт байлдааны тугийн өмнө цэрэг хүний ёсоор эх орондоо тангараг өргөж байсан.

Үүрэг даалгавраа гүйцэтгээд, хугацаа дуусгавар боллоо гэж бодож байтал үгүй юм байж. Нэг ёсондоо эх орондоо үргэлжлүүлэн зүтгэсээр л байна. Үнэнийг хэлэхэд өнөөдөр их огшлоо. Үгээр илэрхийлэх ч юм биш. Олон шөнийн нойроо хасаж, хамт зүтгэсэн энэ сайхан залуусаас нэг зүйлийг олж харлаа. Залуус элгэддэггүй, хурцлагддаг юм байна. Үүгээр биш бол өөр юугаар бахархах юм.

Миний хувьд дээхин үед МСҮТ-д багшилж байлаа. Тэгэхдээ бас нэг дугуйлан маягийн юм ажиллуулаад уралдааны загварын автомашин хийж байсан бяцхан түүхтэй. Зэвсэгт хүчинд ашиглах тусгай зориулалтын автомашиныг зохион бүтээнэ гэдэг хүнд, амаргүй зүйл байна. Би цэргийн хүн биш учраас тэр жаргал, зовлонг нь сайн мэдэхгүй юм. Мэддэг, мэргэжлийн заслуустай нь хамтраад ажиллахад сайхан байлаа” гэсэн юм.

Дэслэгч Ц.Энх-Оргил

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version