Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, авлига албан тушаалын хэргийг өршөөлд хамруулахгүй
УИХ-ын баасан гарагт баталсан Өршөөлийн тухай хуулиар 160 гаруй хоригдлыг ялаас бүрэн чөлөөлж, 1130 хоригдлын хорих ялаа зорчих эрх хязгаарлах болгон өөрчилж байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 160 гаруй хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 1130 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 180 орчим хоригдлын хорих ялаас 2 жилийг хасаж өсвөр насны 25 хүн, нийт 1800 орчим буюу нийт хоригдлын 46,4 хувь нь хамрагдах юм байна.
Түүнчлэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн 3682 ялтнаас өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг үйлдэж торгох ял шийтгүүлсэн 118, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 126 ялтан байна.
Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2500 орчим, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 160, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоосон 1200 гаруй, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 4000 гаруй этгээд хамрагдана. Торгох шийтгэлтэй 193, хохирол нөхөн төлбөр гаргуулах, хөрөнгө орлогыг хураах 74 албадлагын арга хэмжээ авахуулсан хүн, хуулийн этгээд үлдэхээр байгаа аж.