Гадаад улс орнуудаас эх орондоо ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Тэгвэл журамд өөрчлөлт орсон эсэх талаар болоод иргэдийн анхаарах зарим зүйлсийн талаар Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодрууллаа.
-Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу журамд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-УОК-ын даргын 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталсан. Тус журмаар гадаад улсаас эх орондоо ирж байгаа иргэдийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Гадаад улсаас ирж байгаа коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцины бүрэн тун хийлгээгүй, вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног болоогүй хүнийг тусгаарлан ажиглах байранд 7 хоног тусгаарлана гэсэн заалтад ямар одоогоор өөрчлөлт ороогүй.
–Ямар тохиолдолд иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлэх вэ?
Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсвэл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (КОВИД-19) авч эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлахгүй.
Мөн вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн, түүнийг нотлох баримт бичигтэй эцэг эх, асран хамгаалагчийн хамт зорчин яваа 18 хүртэлх насны хүүхдийг мөн адил тусгаарлах байранд тусгаарлахгүй. Дээрх шалтгаанаар тусгаарлагдахгүй иргэдийг 14 хоног гэрийн ажиглалтад шилжүүлж, хяналт тавина.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ