Уул уурхайУИХОнцлох

Оюу толгойн асуудлаарх Түр хорооны ажиллах хугацааг сунгах саналыг УИХ-д танилцуулна

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны щ (2021.06.29) хуралдаан боллоо.

Хуралдаанаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр болон “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өнөөгийн явц, байдлын талаарх Засгийн газрын ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийг сонсов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн зэсийн баяжмалыг борлуулж байгаа гэрээг дотоодын адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж, дүгнэлтийг Түр хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах саналыг гаргав. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн төлөвлөсөн зарим ажил хийгдэх боломжгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа тэмдэглээд уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ирэх намрын чуулган хүртэл сунгах саналтай байгаагаа уламжлав.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Түр хороог тухайн ээлжит чуулганы хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол ажиллах хугацааг дахин нэг чуулганы хугацаагаар сунгаж болно.” гэж заасны дагуу “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны ажиллах хугацааг ирэх намрын чуулганы хугацаагаар сунгах саналаа УИХ-д танилцуулна гэдгээ Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хэллээ. Харин зэсийн баяжмалын борлуулалтын гэрээтэй холбоотой асуудлыг Засгийн газарт өгөх чиглэлдээ тусгахаар тогтлоо.

Засгийн газрын ажлын хэсгийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго хийлээ. Тэрбээр, “Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг Рио Тинто болон Туркойз Хилл компанийн төлөөлөлтэй 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр биечилсэн уулзалт хийсэн.

Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч талаас уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн. Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор ажлын даалгавар боловсруулж, Рио Тинто компанитай илтэд ашиг сонирхлын зөрчилгүй хөрөнгө оруулалтын банк санхүүгийн байгууллагууд, олон улсын хуулийн фирмүүдэд хүргүүлээд байна. Рио Тинто компанийн үйл ажиллагааны цар хүрээ, Оюу толгой компанийн төсөлд санхүүжилт олгосон банк олон байгаагаас шалтгаалан ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага төдийлөн их биш байна.

Гэхдээ ажлын хэсгээс 2021 оны 07 дугаар сард багтаан нэр хүнд бүхий хуулийн болон санхүүгийн зөвлөхийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөсөн. Мөн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид 2021 оны 07 дугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.

Рио Тинто болон Оюу толгой компаниуд хөндлөнгийн шинжээчдийн судлах шаардлагатай зарим мэдээлэл, тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаагаас хөндлөнгийн хяналт, шалгалтын ажилд саад учирч байгаа ч хугацаандаа багтахаар зорилт тавин ажиллаж байна.” гэв.

Харин “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд  сөрөг нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Үүнд, Рио Тинто болон Туркойз Хилл компаниуд нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй болон Оюу толгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлыг багтаажээ. Сөрөг нэхэмжлэлийг хянан хэлэлцэх, нэхэмжлэгч, хариуцагч талаас тайлбар авах зэрэг ажиллагаа арбитрын шүүхэд маргаан хянан шийдвэрлэх журам, хуваарийг дагуу хэвийн үргэлжилж байна. Арбитрын шүүх хуралдаан 2022 оны 08 дугаар сарын сүүлийн долоо хоногт товлогджээ.

Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Түр хорооны хуралдаанаас Нэгдүгээрт, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Дубайн гэрээг цуцалж Монгол Улсад учирсан хор хохирлыг барагдуулах, Лондонгийн Арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг үргэлжлүүлэн эрчимжүүлэх, Хоёрдугаарт, гэрээ хэлэлцээрийн үр дүнд ахиц дэвшил гарахгүй бол Рио Тинто компанийг хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн асуудлаар арбитрын шүүхэд өгөх асуудлыг судалж, танилцуулах, Гуравдугаарт, Оюу толгойн зэсийн баяжмалын борлуулалтын гэрээг дотоодын адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж, дүгнэлтийг Түр хороонд танилцуулах гэсэн гурван асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version