Гадаад харилцааЭдийн засагОнцлох

Берлин хотод Монголын худалдааг дэмжих төв нээгдлээ

Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэл, экспортын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх замаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мөн экспортын зах зээлийн хүрээг тэлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилготой Монгол Экспорт хөтөлбөрийг 2018 онд баталсан.

Энэ хөтөлбөрт “Монгол Улс болон монголын бизнесийн орчин, бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны улсын иргэд, бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилго бүхий жишиг сурталчилгааны төвийг Берлин хотноо байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх” зорилт тавьсан.

Энэ зорилтод хүрэхийн тулд ЕХ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл, МҮХАҮТ, экспортлогч аж ахуйн нэгж, компаниудын гаргасан хүч чармайлт тодорхой үр дүнд хүрлээ.

ТРАМ төслийн хаалтын хурлын үеэр /2021.06.24/ Монголын бизнесийн орчин, экспортын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны хэрэглэгчид, бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилготой ХБНГУ-ын Берлин хотод үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын Мэдээлэл, худалдааг дэмжих төвийг албан ёсоор нээх арга хэмжээ болов.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд ТРАМ төслийн удирдах зөвлөлийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Мэдээлэл, худалдааны төв бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн бөгөөд ялангуяа ТРАМ төсөл, МҮХАҮТ, Монгол Германы Эдийн засгийн клубээс гаргасан санаачилга ийнхүү ажил хэрэг болж байгаад баяртай байгаагаа тэмдэглэв.

Тэрээр төвийг үр дүнтэй ажиллуулж чадвал ЕХ-нд гарч буй манай экспорт нэмэгдэх, ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн ашиг тусыг илүү сайн ашиглах мөн экспортын үйлдвэрлэлийн чиглэлээр ЕХ-ны хөрөнгө оруулагчдыг татахад ач холбогдолтой болохыг онцлов.

ТРАМ төсөл мал амьтан, ургамлын орц найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, торомны ноос/сарлагийн хөөвөр мөн сарлагийн арьс ширэн бүтээгдэхүүний экспортын кластерыг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд амжилттай ажилласан.

Мэдээлэл, худалдааны төвд эдгээр кластерын бэлэн бүтээгдэхүүнийг борлуулж эхлээд байгаагаас гадна www.mongolian-green-labels.eu цахим хуудсаар мөн сурталчилгаа, борлуулалтаа өргөжүүлж байгаа юм.

Монголын мэдээлэл худалдааг дэмжих төвийн үйл ажиллагааг экспортын барааны худалдаанаас гадна цаашид хөрөнгө оруулалт, аялал жуулчлал мөн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах чиглэлээр өргөжүүлэх зорилт тавьж байна.

Энэ зорилгоор 6 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, Үндэсний хөгжлийн газар болон Мэдээлэл, худалдааг дэмжих төвийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан болно.

Энэ төвийн зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг зөв төлөвшүүлж, амжилттай хөгжүүлж чадвал мэдээлэл, худалдааг дэмжих төвийг бусад улс орон, бүс нутагт байгуулахаар боломжтой гэж үзэж байгаа болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version