УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Импортоор орж ирж байгаа бензин шатахууны асуудал байна. Үнэ нэмэхгүй болохгүй гээд хатуу барьж байгаа. Гэтэл алдагдалтай зараад байх хэцүү. Алдагдалтай зарахгүйн тулд бензинээ зарахгүй байх асуудал руу орох вий. Энэ нь бензиний хомсдол үүсгэнэ. Үүнд УУХҮ-ийн сайд тайлбар өгөөч” гэсэн юм.
Үүний хариуд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Иргэдийн өргөн хэрэглээний гол шатахуун бол А-92 бензин байдаг. Энэ шатахууны үнийг 2020 оны тавдугаар сараас хойш санхүүгийн үүсмэл хэрэгслээр үнийг 1450 төгрөгөнд барьж байсан. Хоёрдугаар сараас шатахуун импортлодог компаниуд алдагдалд орж эхэлсэн. Ажлын хэсэг компаниудтай нэгдүгээр сараас хойш хэд хэдэн уулзалт хийсэн. Тухайн үед компаниудтай вакцинжуулалт 60 хувьд хүрэх хүртэл шатахууны үнийг барих талаар хэлцэл хийсэн. Энэ хугацаанд сар болгоны төгсгөлд компаниудын алдагдлыг тооцоод явж байгаа. Вакцинжуулалт дуусаад, эдийн засаг сэргээд эхэлмэгц шахахууны үнийг аажмаар нэмэх арга хэмжээ авсан. Мөн шатахууны нөөцийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
Долдугаар сарын нэгэн хүртэл цахилгаан, ус, хүүхдийн мөнгө гэх мэт халамжийг олгоно гэж Засгийн газраас мэдэгдсэн. Үүнтэй адил үнийг цаашдаа нэмж чадахгүй болж байгаа. Шатахууны үнэ үе шаттайгаар нэмэгдэнэ” гэлээ.