Олон улсын медиа урлагийн наадам зохиогдоно
Монголын Урлагийн Зөвлөл нь Гёте-Институттэй хамтран, Соёлын Яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн 6-р наадмыг 2021 оны 6-р сарын 24-30-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулж, урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг монголын үзэгчдэд хүргэх гэж байна.
Энгийн мэт байсан зүйлс хориг болж, даяаршсан дэлхийд улс орнуудын хил хязгаар улам тодорч, танил мэт зүйлс нэгэн зэрэг үл танигдах боллоо. Үүний дүрслэлийг энэ жилийн ‘XXI’ сэдвийн дор зохион байгуулагдах “Улаанбаатар” медиа урлагийн наадамд дэлгэн үзүүлэх бүтээлүүдээс харах болно.
Наадмын хөтөлбөрт Монгол, Герман уран бүтээлчдийн хамтарсан “Дүр үгүй” “360’ дэлгэцийн медиа бүтээл, “21 бүүвэй”, “Хүн хүрд” нэртэй өрөг саунд хосолсон медиа бүтээл, “Лус” нэртэй видео медиа бүтээл зэрэг 4 шинэ бүтээлийг, мөн Монголын паблик медиа арт хөтөлбөрийн уран бүтээлчдийн “Хосолмол соёл” видео бүтээлээс танилцуулагдах ба Монголын Ди Жей нарын өнөөгийн хэмнэлийг олон нийтэд хүргэх юм.
Түүнчлэн уран бүтээлчид, оюутан сурагч болон олон нийтийн медиа урлагийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Урлагтай яриа” цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулах аж. Энэ жилийн наадмаар 20 гаруй уран бүтээлчдийн уран бүтээлээс танилцуулж, 6 байршлаар үзэгчдийг аялуулахаар төлөвлөжээ.