УИХОнцлох

Соёлын хуулийн шинэчилсэн найруулга ирэх оноос хэрэгжинэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг танилцуулав.

Тэрбээр, Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 20 дахь заалтыг өөрчлөн найруулах саналын томьёоллыг бэлтгэсэн.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. Тиймээс татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны намрын ээлжит чуулган эхлэхээс өмнө УИХ-д өргөн мэдүүлж, батлуулахыг Засгийн газарт даалгасан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг бэлтгэсэн” гэлээ.

Ажлын багаас төслийн 4 дүгээр зүйлийн 20 дахь заалт буюу 52 дугаар зүйлийн 52.4 дэх хэсгийг “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хоёр жилээс дээшгүй хугаацаагаар улсын хилээр нэвтрүүлнэ. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас уг хугацааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн нэг удаа 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно” хэмээн өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Ийнхүү Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version