ЯрилцлагаНийгэмFocus

Товчоогоор нэвтрэх, байгууллагаар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулахад хангалттай

“E-Mongolia”  төслийн хүрээнд коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг таних  “COVID-19 QR Verify” аппликейшныг нэвтрүүлээд байна.  Тус аппликейшны талаар УОК-ын шуурхай штабын “Мэдээлэл технологийн баг”-ийн гишүүн Т.Уламбаатартай ярилцлаа.

– “COVID-19 QR Verify” аппликейшны ач холбогдол юу вэ. Зөвхөн вакцины гэрчилгээ авах уу, өөр нэмэлт үйлчилгээ байгаа юу??

-Аппликейшнаас дархлаажуулалтанд хамрагдсан иргэдийн мэдээллийг харах боломжтой. Ингэснээр хот хооронд зорчих хөдөлгөөн хийх явцад хяналт тавих, зарим аймаг руу зорчиход зөвшөөрөл олгож буй сектор нь тухайн иргэнийг дархлаажсан эсэхийг мэдэх боломжийг олгож байгаа. Мөн аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа нээсэнтэй холбоотойгоор үйлчлүүлж буй хүмүүсийг хоёр тундаа хамрагдсан байхыг шаардаж байгаа. Энэ шаардлагыг андройд болон IOS үйлдлийн системтэй гар утсыг ашиглан биелүүлэх боломжтойгоор бүтээсэн.

 “COVID-19 QR Verify” аппликейшнд вакцины гэрчилгээгээс өөр нэмэлт үйлчилгээ байхгүй. Өөрөөр хэлбэл, “E-Mongolia”-аас авах боломжтой дархлаажуулалтын гэрчилгээ болон иргэний үнэмлэхний ард байгаа QR кодыг тус аппликейшнаар уншуулахад тухайн иргэнийг дархлаажуулалтад хэдэн тунгаар хамрагдсан талаарх мэдээллийг авах боломжтой.  Дархлаажуулалтын гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үедээ иргэний үнэмлэхээ ашиглахад хангалттай гэсэн үг.

–  Байгууллагуудын хувьд яаж ашиглах вэ, шинэ тоног төхөөрөмж авах шаардлагатай юу?

 -Иргэн вакцины гэрчилгээгээ биедээ эсвэл гар утсандаа авч яваа тохиолдолд аж ахуй нэгж байгууллагууд дурын QR Scanner-аар вакцины гэрчилгээний доод буланд байрлах QR кодыг уншуулна. Харин иргэний үнэмлэх эсвэл вакцины цахим батламжаа биедээ авч яваа бол “COVID-19 QR VERIFY” аппликейшныг үйлчилгээний байгууллагын ажилтан гар утсандаа суулгаж, үйлчлүүлэгчээ нэвтрүүлнэ.

-Хувь хүн хэрхэн ашиглах вэ?

 -Иргэдийн хувьд аль нэг товчоогоор нэвтрэх, байгууллагаар үйлчлүүлэх зөвшөөрөл авахдаа иргэний үнэмлэхний QR кодоо уншуулахад хангалттай.

-Хүний хувийн мэдээллийг ямар нэг байдлаар хувилж авах уу. Нэвтрэхэд хүнээс ямар мэдээлэл шаардах вэ?

 -Иргэний үнэмлэхний ард байгаа QR код цаанаа олон оронтой тоотой байдаг. Тэр тооны тусламжтайгаар тулгалтаа хийдэг ба иргэний нэр болон бусад дагалдах мэдээлэл аппликейшн дээр гарч ирэхгүй. Иргэн өөрөө зөвшөөрөөд дархлаажсан эсэхээ шалгуулахад ямар нэг хувийн нууцын талаар онцолж авах зүйл байхгүй.

-Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “COVID-19 QR VERIFY” аппликейшныг бүтээсэн.Ковид дууссаны дараа  устгах уу?

-Гадаад улс руу зорчих, хот хоорондын замын хөдөлгөөнд оролцох, ялангуяа тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлуудад QR кодыг ашигладаг жишээ бий. QR бол хамгийн богино хугацаанд мэдээллийг дамжуулдаг ба хэрэглээ нь хаа сайгүй байдаг.

Б.АНХ-УЧРАЛ

Эх сурвалж: ОБЕГ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version