“Хариуцлагатай нүүдэлчид” цахим системийг ХААБ-ын үйл ажиллагаанд ашигладаг боллоо
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох, бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих оновчтой тогтолцоог хөгжүүлэх замаар малчдын хоршоодын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эдээр хангах, экспортыг өсгөхөд нэн тустай чухал ажлыг нэг билээ.
Тиймээс монгол малын гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгарах шинж чанарыг баталгаажуулах, зах зээлийн шинэ боломжуудыг нээх зорилгоор “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд нэвтрүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо” ТББ болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК хамтран ажиллах гэрээ /2021.06.22/ байгууллаа. Гэрээг МБАНХ-г төлөөлөн ШХА-ын Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн Ерөнхий зохицуулагч Ц.Энх-Амгалан, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дандий-Ядам нар үзэглэлээ.
Гэрээ байгуулан ажилласнаар бий болох гол онцлогийн талаар ХААБ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дандий-Ядам хэлэхдээ “Хөдөө аж ахуйн бирж нь МБАНХ болон ШХА-ийн НАМЭМ төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн гарал үүслийг тодорхойлох “Хариуцлагатай нүүдэлчид” цахим системийг хүлээн авч, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ гэрээг байгуулсанаар хамгийн түрүүнд Хөдөө аж ахуйн бирж өөрийн Агуулахын системд тохирсон агуулгуудыг оруулна.
Өөрийн биржийн үйл ажиллагаанд шаардлагатай тохируулгуудыг оруулж хийснээр Хөдөө аж ахуйн салбарт яригдаж байгаа цахим шинэчлэл болон хөдөө аж ахуйн салбарын мөрдөн мөшгих тогтолцоо, түүхий эдийн чанар, бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулсан чухам алхам болно гэж бид харж байна. Энэ чухал системийг бий болгон хүлээлгэн өгч байгаад баяртай байна. Үр дүнгүүд нь удахгүй гарна.
Гарал үүсэл тодорхой байснаар олон улстай харилцахад илүү хялбар болж, маш сайн үр дүнг авчирна. Учир нь Хөдөө аж ахуйн биржийн хуулинд “… Хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн нь өөрөө гарал үүсэл нь тодохой, чанар стандартын шаардлага хангасан байх …” гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтаас гадна Монгол Улс бол хөдөө аж ахуй голлодог орон гэдэг утгаараа бидэнд байгаа маш том боломж. Түүхий эдийнхээ чанар стандартыг илүү сайжруулах боломжууд нээгдэнэ” гэлээ.
“Хариуцлагатай нүүдэлчид” цахим системийн үр дүн, цар хүрээний талаар ШХА-ын Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн Ерөнхий зохицуулагч Ц.Энх-Амгалан хэлэхдээ “Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд 2017 оноос малын гаралтай түүхий эдийг баталгаажуулах цахим системийг хөгжүүлж ирсэн. Энэ систем маань 6 бүрэлдэхүүн хэсэгтэй. Тухайлбал, малчид бэлчээрээ хэрхэн хариуцлагатай ашиглаж, хамгаалж байгаа эсэх, тухайн түүхий эд нь эрүүл бэлчээртэй, эрүүл малаас мал амьтны тавлаг байдлыг хангасан нөхцөлд, байгаль орчинд ямар нэгэн хор хөнөөлгүйгээр бэлтгэгдсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн зэрэг үзүүлэлтээр баталгаажсан цахим систем юм. Энэ цахим систем маань “Хариуцлагатай нүүдэлчид” гэсэн малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн стандарт болоод хөгжөөд явж байна.
Энэ удаад бид Хөдөө аж ахуйн биржтэй хамтраад Хоршооны агуулахын бүртгэлийн системийг холбохоор болж байна. Өөрөөр хэлбэл, малчид түүхий эдээ анхан шатны хоршоодод өгч, хоршоод түүхий эдийн анхан шатны тордолт арчилгааг хийж, Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдаалахад ямар шалгуур хангасан байх вэ гэдэг чиглэлд анхаарч, хамран ажиллахаар гэрээг үзэглэлээ.
Цаашдаа бидний хийж байгаа энэ ажил маань монгол малын гаралтай бүтээгдэхүүн буюу бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс юугаараа ялгаатай, ямар чанартай вэ гэдгийг баталгаажуулах юм. Ингэснээр манай үндэсний үйлдвэрлэгчид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ зарах боломж нь илүү ихээр нэмэгдэнэ.
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн талхагдал ихээр нэмэгдэж байна, малын гаралтай бүтээгдэхүүний чанар үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй зэрэг олон асуудал яригдах болсон. Энэ асуудлыг шийдэхийн тулд юуны өмнө малчдыг зах зээлтэй холбож өгөх, нэг малаас авч байгаа ашиг шимийг нэмэгдүүлэх, чанар үнэлэмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Малчид хавартаа ноолуураа, намартаа малаа зарж л орлого олдог биш, сүү цагаан идээ, арьс шир гээд малаас гарч байгаа бүхий л түүхий эд, бүтээгдэхүүнээ эх орондоо болон дэлхийн зах зээлд гаргах боломжтой. Гэхдээ дэлхийн зах зээлд “Made in Mongolia” гэдэг шошгыг баталгаажуулахад их түвэгтэй байдаг. Яагаад гэвэл урд хөршид байгаа Өвөрмонгол байгаа. Дэлхийн ихэнх хэрэглэгчид “Монголд үйлдвэрлэсэн” гэхээр Хятадын Өвөрмонголд үйлдвэрлэсэн үү, Тусгаар тогтносон Монгол Улсад үйлдвэрлэсэн үү гэдгийг ялгаж чаддаггүй.
Энэ системийн тусламжтайгаар “Монгол Улсад үйлдвэрлэсэн” гэдгийг баталгаажуулсан дэлхийн зах зээл дээр Монголын гэсэн дахин давтагдашгүй QR кодыг санал болгож байгаа юм. Үндэсний үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгч хоршоод, малчид бүгд өөрийн гэсэн QR кодтой болж, дэлхийн зах зээлд манай Монголын гаралтай бүтээгдэхүүнийг ямар нэгэн байдлаар хуурамчаар үйлдвэрлэгдэх боломжгүй болж байна. ХААБ-тэй хамтран ажилласанаар Агуулахын тогтолцоог улам боловсронгуй болгож, малчид зөвхөн ченжэд түүхий эдээ өгөх биш, хоршоонд өгч, өгсөн түүхий эдийг нь тордож сайжруулан үйлдвэрлэгчдэд тогтмол нийлүүлэх боломж бүрдэж байна.
Малчид түүхий эдээ ченжэд эсвэл хоршоонд өгдөг ч малын гаралтай бүтээгдэхүүний түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо хангаллтай сайн бүрдэж чадаагүй. Энэ ярвигтай асуудлаас үүдэн жил бүр малчдаас түүхий эд худалдан авагч нь өөрчлөгдөж, улмаар үнийн хэлбэлзэлд өртдөг. Малчид энэхүү цахим системийн хүрээнд өөрийн гэрээс түүхий эдийнхээ хэмжээ, чанарын мэдээллийг өгч, бирж дээр шууд цахимаар үнэ хаялцуулах худалдаанп оролцох боломж нээгдэх юм” гэлээ.
Хамтран ажиллах гэрээг үзэглэх арга хэмжээний төгсгөлд ШХА-ын Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн Ерөнхий зохицуулагч Ц.Энх-Амгалан гарал үүслийг нь тодорхойлсон арьсан хөлбөмбөгийн дээжээс “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Дандий-Ядам нарын хүмүүст бэлэг болгон өгсөн.
Энэ үеэр тэрбээр “Ухаалаг гар утас ашиглан бар кодыг уншуулж, аль аймгийн аль суманд хэн гэдэг малчны хотноос ирүүлсэн түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн бэ гэдгийг тодруулж, гарал үүслийг нь мэдэх боломжтой болж байна. Тухайлбал, энэ арьсан бөмбөг нь Швейцарын хөгжлийн агентлагийн захиалгаар Ханаан нутаг ХХК-д үйлдвэрлэсэн. Гарал үүслийг нь баталгаажуулсан энэхүү хөлбөмбөгийн түүхий эдийг Ховд аймгийн Дуут сумын малчдаас бэлтгэн ирүүлсэн сарлагийн арьсаар хийсэн.
Та бидний хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн энэ бөмбөгөөр хязгаарлагдахгүй өөр маш олон түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйлдвэрлэгдсэн, хариуцлагатай, гарал үүсэлтэй, зохистой бэлчээртэй, мал амьтны тавлаг байдлыг хангасан, малчин нь хэн бэ гэдгийг баталгаажуулж болно. Дэлхийн бусад улс орноос Монголчууд бидний ялгарч, ондооших давуу талыг баталгаажуулах боломжтой болсон.
Арьс ширний хувьд зөвхөн өмнөд хөрш рүү түүхий эдээрээ шууд гарчихдаг. Хамгийн үнэ цэнэгүй бүтээгдэхүүн болж, сүүлийн жилүүдэд зүгээр л хог мэт хаягддаг болчихсон. Тэгвэл бид арьс ширний үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор монгол сарлагийн арьсан бөмбөг хийлээ. Дэлхийн зах зээл дээр арьсан бөмбөгийн эрэлт хэрэгцээ их байдаг. Нэг арьсан бөмбөг 200 ам.долларт хүрдэг. Бидний гаргасан арьсан бөмбөг монгол мөнгөөр тооцвол 70-80 мянган төгрөг. Жижигхэн старт апп компанийн хувьд ашиг олох хэмжээний бүтээгдэхүүн.
Дэлхийн зах зээл дээр хүний хэрэгцээний бүх бүтээгдэхүүн байдаг тул бидэнд өрсөлдөхөд ер нь их хэцүү гэж болно. Гэхдээ “Хэрэглэгчид одоо юу хүсдэг болсон бэ” гэдэг нь их чухал. Хэрэглэгчид онцгой, бусдаас илүү чанартай, ямар нэгэн тодорхой түүхтэй, онцлог бүтээгдэхүүн сонирхдог болсон. Бидний дэлхийн зах зээл дээр “Монголынх” гэж таниулах нэг гол давуу тал бол нүүдлийн мал аж ахуй. Тиймээс нүүдлийн мал аж ахуйн байгалийн цэвэр бэлчээрт идээшилж байгаа малын бүтээгдэхүүнийг өндөр чанартай болгоод зарах боломж бидэнд байна.
Өнөөдөр Пакистан улс дэлхийн зах зээлд хэдэн зуун саяар тоологдох арьсан бөмбөг нийлүүлдэг. Гэтэл Монголд жилд 20-30 сая арьс шир бэлтгэдэг гэдэг. Энэ арьс ширээрээ жижиг компаниуд нэгдээд кластерийн үйлдвэрлэл эрхлээд, үнэ өртгийг нь тооцож, гэрээ байгуулаад ажиллах юм бол өндөр ашиг олох боломж байна. Малчдаас авах арьс ширний өнөөдрийн зах зээлийн ханш 500 төгрөг байгаа бол старт апп компанид малчид арьс ширийг 3000 төгрөгөөр нийлүүлж байна.
Сарлаг их онцлогтой мал. Дэлхийн улс орнуудад цөөн тооны улсад л байдаг. Нүүдэлчин монголоос гаралтай, байгаль орчинд ээлтэйг аргаар өсгөн үржүүлж, дэлхийд ховордсон онцгой амьтны арьсаар хийсэн, маш чанартай бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийн зах зээлд гарахад илүү боломжтой гэж үзсэн. Швейцарын хөгжлийн агентлагийн зүгээс Европ болон Швейцарын зах зээлд сурталчилан таниулах хүрээнд Дэлхийн хөл бөмбөгийн холбоотой ярилцаад Монголоос арьсан бөмбөг нийлүүлэх боломжийн талаар судалж “Маш ирээдүйтэй” гэж үзсэн. Тиймээс Хөдөө аж ахуйн биржтэй хамтрах ажлын үр дүн өндөр байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
П.Нарандэлгэр