Х.Амарзаяа: Геологийн болон технологийн судалгаа туршилт хийж ажиллана
Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын экспедицийн Тэргүүлэх геологич Х.Амарзаяатай уулзаж, ажлынх нь амжилтын талаар ярилцлаа.
-Танай байгууллагын эрхэм зорилго юу вэ?
-Байгууллага бүр үйл ажиллагаагаа илэрхийлсэн эрхэм зорилгоо тодорхойлдог. Манайх “Эрдэс баялгаар Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг бататгана” гэсэн эрхэм зорилготой. Үүнийг тэртээ 1997 онд “Өлмийд торох чулуунаас Өөрийн үйлдвэрийн эхлэлийг тавина” хэмээн тодорхойлж байсан.
-Геологи хайгуулын экспедицийн онцлог юу вэ?
-Манай байгууллага 1986 оны 5-р сарын 19-нд Геологи хайгуулын анги нэртэй, бие даасан статустай, үйлдвэрийн нэг цех болон байгуулагдсан.
Энэ жил манай байгууллагын 35 жилийн ой тохионо. Ерөнхий захирлын 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн А/1189 тоот тушаалаар Геологи, хайгуулын экспедиц нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 35 жилийн хугацаанд эрэл, хайгуулын цогц ажлыг шат дараалалтай, олон га талбайд мэргэжлийн туслан гүйцэтгэх компаниудтай хамтран, ГМХ-ийн удирдлага бодлогын хүрээнд ажил үүрэг гүйцэтгэж ирсэн.
Ер нь уул уурхай, олборлолт, боловсруулалтын үндэс суурь нь геологийн бүх шатны эрэл хайгуулын ажлууд байдаг. Үүнийг геологичид, хайгуулчид явуулдаг. Геологичид Эрдэнэт үйлдвэрийн суурийг тавьсан анхдагчид гэж би ам бардам хэлнэ. Геологичид үгүй бол уурхай, үйлдвэр, хот байхгүй шүү дээ.
-Анги, экспедици хоёрын ялгаа юу вэ?
-Мэдээж, нэрнээсээ эхлээд ялгаатай. Экспедиц болсноор ажлын цар хэмжээ, хамрах хүрээ ихэссэн. Анги байхдаа Эрдэнэтийн дүүргийн 30-40 км радиус дахь талбайд ажил гүйцэтгэж ирсэн. Өөрөөр хэлбэл нэг төрлийн ашигт малтмалын хайгуулаар дагнан ажилласан гэсэн үг.
Экспедици болсноор үйлдвэрт шаардлагатай эрдэс түүхий эд нүүрс, шохой, фосфорит гэх мэт олон ашигт малтмалын чиглэлээр ажиллаж байна. Бүтцийн хувьд Экспедиц нь олон ангиас бүрддэг. Анги бүр нь өөр өөр ашигт малтмалын чиглэлээр хайгуулын ажил явуулдаг. Энэ нь богино хугацаанд олон ажил зэрэг гүйцэтгэх давуу талтай.
Одоогоор манайд бүтцийн өөрчлөлт хийгдээгүй. 128 хүний бүрэлдэхүүнтэй геологи хайгуулын ажлуудыг явуулж байгаа. Цаашид хүний нөөцийн бүтцэд өөрчлөлт оруулах нь зөв гэж боддог.
Манай байгууллага зөвхөн хайгуулын чиглэлээр ажилладаг бус үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн захиалгат ажил гүйцэтгэдэг. Ил уурхайн захиалгаар жил бүр ашиглалтын хайгуулын ажил хийх жишээтэй. Мөн геотехник, геометаллургийн чиглэлийн ажил гүйцэтгэдэг.
-Энэ онд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүд жил бүр гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулж батлуулдаг. Манай экспедици 2021 онд үйлдвэрийн удирдлагаас өгөгдсөн чиглэл, үүргийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал:
-Фосфоритын ордыг Зэс хайлуулах боловсруулах үйлдвэртэй холбон хоршуулахын тулд геологийн болон технологийн бүх шатны судалгаа туршилт хийж, Завхан аймгийн Цахир уул, Алагийн давааны фосфоритын ордод хайгуулын ажлын төлөвлөгөө боловсруулан, ажиллах,
-Эрдэнэт үйлдвэрийн бэлтгэгдсэн боловсон хүчин, техник, технологи, үйлдвэрлэлийн баазад тулгуурлан хайгуул хийгдэж нөөц, баялаг нь тогтоогдсон ордуудад олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж хамтран ажиллах,
-Эрдэнэтийн овооны эргэн тойрны 60 км-ийн радиусын бүх талбайд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, ашигт малтмалын тойм судалгаа хийж, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажилд оролцох,
-Төрийн өмчит байгууллагууд болон ААН-ийн геологи хайгуулын ажил хийлгэх зарлал болон саналын дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллах гэх мэт.
-Нууц биш бол хайгуулын ажилд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын есөн бодлогын нэг нь Геологийн бодлого гэж тодорхойлсон. Дэлхийн туршлагаас харахад үйлдвэрийн нийт зардлын нэгээс багагүй зардлыг хайгуулын ажилд зарцуулдаг. Манай үйлдвэр ч энэ хэмжээнд дөхөхүйц зардлыг жил бүр төсөвлөдөг. Сүүлийн 5 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хайгуулын ажилд 48 орчим тэрбум төгрөг зарцуулсан. Цаашид ч үйлдвэрийг түүхий эд, нөөцөөр тасралтгүй хангах ажил үргэлжилнэ.
-Хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнд шинэ орд илрэл, нөөц бүртгэгдсэн үү?
-Эрдэнэт үйлдвэр, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор олон ажилд хөрөнгө оруулалт хийдгийн нэг нь геологи хайгуул, эрэл судалгааны ажил юм.
Сүүлийн 17 жилд хөрөнгө оруулалтын ажил хоёр үе шаттай хийгдсэн. Эхний үе шат нь 2004-2016 онд, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нэр дээр авсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий таван талбайд геологи хайгуулын цогц ажил гүйцэтгэсэн.
Энэ хугацаанд урд нь ялгагдсан зэсийн эрдэст илрэлийн үйлдвэрлэлийн ач холбогдолтой эсэхийг бататгах, өөр ижил төстэй ордыг эрж хайх, түгээмэл тархацтай ордыг нээн илрүүлсний үр дүнд барилгын материалын орд газруудыг шинээр илрүүлж, нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.
Тухайлбал, Бага залуу, Зүүн түрүү, Дэлт толгойн барилгын чулууны, Чингэлийн голын элсний, Бийрийн голын галт уулын шаарын ордыг илрүүлээд байна. Өнөөдөр ашиглаж буй ил уурхайн түвшин гүнзгийрэх тусам хүдэр дэх зэсийн агуулга буурч байгаа.
Мөн Баруун-Хойд хэсгийн гүний түвшнүүдийн хайгуул гүйцэд хийгдээгүйн улмаас хүдрийн бодитой (В зэргээр), боломжтой (С зэргээр) нөөц эрс багасаж, уулын ажлын урт хугацааны төлөвлөлтийг боловсруулахад хүндрэл учруулж эхэлсэн.
Иймд 2013-2015 онд гүйцээх хайгуулын ажлыг Баруун-Хойд болон Төвийн хэсэгт гүнийн түвшинд явуулж, үр дүнгээр хүдрийн нөөцийн шинэчилсэн тооцоог гаргаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, 2 тэрбум 37 сая.тн хүдрийн нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээд байна.
-Ямар сайхан мэдээ вэ. Үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хоёр дахь үе шатны ажлын талаар…?
-Энд 2017-2020 онд хийгдсэн ажлууд хамаарна. Ордын нөөц, баялгийн тооцоог олон улсын “Жорк” стандартын дагуу боловсруулсан. Ингэхийн тулд нөөцийн тооцооны техникийн тайлан боловсруулж, аудитын өрөмдлөгийн ажил, нөөцийн ангилал ахиулах, нөөц өсгөх хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэсэн.
Нийт 133260 тууш метр өрөмдлөг хийснээс 71647 дээж боловсруулж, үр дүнг нь нэгтгэж байна. Эрдэнэтийн-Овоо ордын геологийн нөөцийг “Жорк” стандартын дагуу хөрвүүлэн баталгаажуулж, нөөц баялгийн нийт хүдрийн хэмжээ 2.03 тэрбум тонн байсан нь 2.75 тэрбум тонн болж нэмэгдсэн.
Үйлдвэрийн удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Эрдэнэтийн-Овоо ордын Баруун-Хойд болон Төвийн ордын шинэчилсэн нөөцийг батлуулахаар ГМХ-ийн удирдлага, зохион байгуулалтын дор ажиллаж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайдын А/08 тоот тушаалаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талбайн хил заагийг тогтоох талаар санал боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.
Стратегийн хил хязгаар нь 116000 га талбайг хамрах бөгөөд урьд явуулсан геологи хайгуулын судалгааны ажлын үр дүнгээр илрүүлсэн Оюут, Шанд, Хойд Шанд, Зөөхийн гол, Цагаан чулуут зэрэг хэтийн төлөв бүхий орд, илрэлүүд багтаж байгаа.
Стратегийн хил хязгаарыг тогтоосноор үйлдвэрийн хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор геологи хайгуулын ажлыг төсөл хэрэгжүүлэгч компаниудтай хамтран явуулж байна. Тухайлбал “Дипирамид”, “Геосан”, “Геомон инженеринг”, “Ганресурс”, “Судалт мана”, “3 Талст”, Минекско ХХК-иудыг дурдаж болно.
-Танай байгууллага 35 жилийнхээ түүхт ойг угтаж ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Ковид-19 цар тахлаас шалтгаалан хамт олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй, харин бүтээн байгуулалтын хэд хэдэн ажил эхлүүлсэн. Байгууллагынхаа нэр хаягийг өөрчлөх, хурлын танхимаа шинэчлэх, онцлогоо харуулсан геологийн музей байгуулах, алслагдмал газар ажилладаг ажиллагсдад зориулсан зөөврийн душ хийх зэрэг ажил төлөвлөсөн. Эмэгтэйчүүддээ зориулсан ариун цэврийн өрөө тохижууллаа.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.
Т.Батчулуун