Монгол, Сингапурын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо
Монгол, Сингапурын хооронд бизнесийн ажил хэргийн уулзалт жил дараалан амжилттай хэрэгжиж, хоёр тал бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг судалсаар ирсэн.
Дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийг Сингапурын зах зээлд нэвтрэх боломжийг бүрдүүлэх, улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Сингапурын Бизнесийн Холбоо нар хамтран /2021.06.16/ “Singapore Mongolia Business Matching Webinar-Assessing Mongolia and Singapore Markets Virtually” ээлжит цахим арга хэмжээг зохион байгуулав.
Дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахлын нөхцөл байдлаас гадна oдоогоор даяарчлагдаж буй олон улсын нөхцөлд Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна.
Сингапурын туршлага, боломжоос хуваалцаж Монгол, Сингапурын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд 180 гаруй компанийн төлөөлөгчид оролцсон өргөн хэмжээний цахим арга хэмжээ болсноороо онцлог байв.
Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Сингапурын Бизнесийн Холбоо болон МҮХАҮТ нарын хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсныг талууд мэдэгдэв.
Энэхүү баримт бичгийг байгуулснаар хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа эхлүүлэх, өргөтгөх боломжийг нээж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих зэрэг олон эерэг үр дүн гарах юм.