Энэ сардОнцлохЭрүүл мэндНийслэл

19-21 настнууд тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчилж байна

 

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өчигдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгийн үил ажиллагаатай танилцлаа. Тэрбээр энэ үеэр улс орны хэмжээнд үзүүлж байгаа зүрхний мэс засал, тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний ачаалал, тулгамдаж буй асуудал болон тархины харвалт, зүрхний шигдээсийн лавлагаа тусламж үйлчилгээ, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар санал солилцов.

Манай улсын иргэд Монголдоо эмчлэх боломжгүй  39 төрлийн өвчнийг гадаадын улс орнуудад өндөр өртөгтэйгээр эмчлүүлэхээр хилийн чанадыг зорьдог байсан билээ. Тэгвэл тус эмнэлгээс улсын хэмжээнд үзүүлдэг өндөр өртөгтэй зүрх, мэдрэлийн чиглэлээр эмчилгээ хийлгэхээр гадаадыг зорих урсгалыг багасгахаар одоогоор 3 өвчнийг уг жагсаалтаас хасуулах саналыг гаргаад байгаа аж.

Гадаадад өндөр өртөгтэй хийгддэг мэс заслыг тус эмнэлэгт ЭМДС-гаас 75-80 орчим хувийг хөнгөлөн бага өртгөөр зүрх, мэдрэлийн өртөг өндөр мэс заслыг эх орондоо хийлгэх боломжийг иргэдэд олгож байна. Тухайлбал, зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг гадаадад хийлгэхэд зөвхөн мэс заслын зардал нь дунджаар 20-40 мянган ам.доллар. Харин Монголдоо зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар 7-8 сая төгрөгөөр эмчлүүлэх боломжтой болжээ.

Мөн тархины судсан дотуурх мэс засал эмчилгээг гадаадад 100 мянган ам.доллараас дээш өртөгтэй хийдэг бол тус эмнэлэгт иргэд дунджаар 10-20 орчим сая төгрөгийг зөвхөн мэс заслын хэрэгслийн үнийн хөнгөлөлтийн журмаар тусламж авах боломж бүрджээ.

 

Мөн тус эмнэлгийн мэдрэлийн тасагт харвалттай оношоор жилдээ 500-600 гаруй хүн ирдэг байсан бол одоо 2 дахин их буюу 1200-1300 хүн ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа аж.

Н.Баатаржан: Өдөрт дунджаар 15-20 хүнд оношилгоо, эмчилгээ хийдэг

Монголдоо ганц маш нарийн эмчилгээний тоног төхөөрөмжтэй зүрх судас, мэдрэлийн мэс заслын тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Мэдрэлийн ангиологийн их эмч Н.Баатаржантай цөөн хором ярилцсан юм.

Энэ төхөөрөмж манай улсад ганц байдаг гэсэн үү

-Тиймээ, энэ тоног төхөөрөмж Монгол Улсын хэмжээнд манай эмнэлэгт л ганцхан байдаг. 2013 онд Мянганы сорилтын сангийн шугамаар орж ирсэн. Ази тивд 11-12-хон л байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд 260 гаруй ийм аппарат, тоног төхөөрөмж ажилладаг.

Энд яг ямар мэс ажилбаруудыг хийдэг юм бэ?

-Тус төхөөрөмж дээр тархины судасны мэс ажилбарууд, зүрх, элэг, бөөр, мөчний гээд судсан дотор хийж болох бүх л мэс ажилбар хийгддэг. Өнөөдөр гэхэд тархины судсан дотуурх хагалгааг хийж байна.

Өдөрт болон жилд хэчнээн хүн энэ төхөөрөмжөөр эмчлүүлж байна?

-Өдөрт дунджаар 15-20 хүн,  2016 онд гэхэд 3200 гаруй хүнд үйлчилсэн. Харин оны эхний 4 сарын байдлаар 1300 хүнд оношилгоо болон эмчилгээ хийгээд байна.

Эмч мэргэжилтний хүрэлцээ хэр байгаа бэ?

-Мэргэжилтэй боловсон хүчний хувьд одоогоор мэдрэлийн болон зүрхний албан ёсны лицензтэй тус бүр гурван эмч ажиллаж байгаа. Ачаалал маш их. Эмч нарын хүрэлцээ үнэхээр хангалтгүй. Ирэх зургадугаар сард дараагийн эмч нараа бэлтгэх гэж байна. Бид  өглөө 8 цагт ирээд орой 21-22 цаг гэж тардаг. Одоо эмч мэргэжилтэн бэлтгэх зорилгоор төсөл хэрэгжүүлж эхэлсэн байгаа.

Ц.ТөмөрОчир: Тархины харвалт, зүрхний шигдээс залуусын өвчин болж байна 

 

Энэ үеэр УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очиртой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

Тархи, зүрхний цус харвалт залуужиж байгаа гэлээ. Энэ талаар тодруулаач?

-Энэ өвчинг өмнө нь ахмад настай хүмүүст зонхилон тохиолдддог гэж үздэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд улам залуужиж идэр насны буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, дунд насныхан ихээр өвчлөх болсон. Одоо улам залуужиж 19 настай тархины  харвалттай,  21 настай зүрхний шигдээстэй эмнэлэгт ирж байгаа нь энэ өвчин зөвхөн настай хүний өвчин биш бага залуу насны хүмүүсийн өвчлөл болоод байна.

Шалтгаан нь юу юм бэ?

-Шалтгаан нь иргэдийн амьдралын буруу хэвшил. Архи тамхи, нүүрс ус, өөх тосны хэт их хэрэглээ болон нийгэмшилт хотжилттой холбоотой хөдөлгөөний хомсдол нөлөөлж байна.Мөн манай монголчууд давсны өндөр хэрэглээтэй. ДЭМБ-ын зөвлөснөөс 6-7 дахин илүү ихээр давс хэрэглэдэг. Цайндаа давс хийдэг. Энэ давс нь судасны ханыг хатууруулснаар бөөрний үйл ажиллагаа, зүрхний үйл ажиллагаанд сөргөөр  нөлөөлж байна. Энэ бүхнээс үүдэн харвалт, шигдээс нэмэгдэж байна.

Харвалт, шигдээсийн тусламж үйлчилгээг хэр хурдан цаг алдалгүй авна тэр хэрээр тухайн хүний амь нас, хөдөлмөрийн чадварыг аврах юм. Мөн зүрх, тархины эргэн сэргэх чадвар  сайн байна. Тиймээс бид саяхан ХААН банктай хамтарч “Цусны даралт ихсэлтийн эсрэг” аяныг өрнүүлж иргэдэд мэдлэг олгох ажлыг хийж эхэлсэн. Ер нь цусны даралт ихсэх нь харвалт шигдээсийн гол эх үүсвэр. Цусны даралт ихсэх өвчний гол хүндрэл нь тархины цус харвалт, зүрхний шигдээс юм. Манай эмнэлгийн хамт олон тархи болон зүрхэнд хагалгаа хийгээд туршлагатай боллоо, судасан дотуурх хагалгааг хийж эхэлсэн усраас гадаадад хийгддэг 3 төрлийн мэс заслыг дотооддоо хийхэд бэлэн болсон гэж үзэж байгаа.

Тархины цус харвалттай 19 настай хүүгийн өвчлөх шалтгаан нь юу байсан бэ. Ер нь амьдралын хэв маяг нь ямар байсан юм бол?

-Төрөлхийнх тархи мэдрэлийн өвчлөл байгаагүй. Тэр хүүгийн хувьд компьютерийн орчинд ажилладаг байсан. Ер нь хотжилт нийгэмишил, амьдралын буруу хэвшил дадал өвчлөлийн шалтгаан болдог.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version