ХБНГУ-аас Монголд суугаа ЭСЯ-нд бид дээрх байдлаа танилцуулан төсөл боловсруулан хүсэлт тавьсныг тус ЭСЯ хүлээн авч буцалтгүй тусламжийн санхүүжилтээр заалыг иж бүрэн засах мөн ширээний теннис, бильярдын ширээ бүхий байрыг шинээр өргөтгөн барих боломжийг бий болгож өгсөн билээ.
Өнөөдөр шинээр засвар хийсэн заалныхаа нээлтийн үйл ажиллагааг хүүхэд залуус, зочдынхоо хамт хийсэн юм. Нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр зэрэг зочид хүрэлцэн ирж, оролцон хүүхэд залууст спортын өндөр амжилт хүсэхийн хамтаар зөв хүн болон төлөвшиж улс эх орондоо их зүйлийг бүтээхийг хүсэн ерөөв.
Хүндэт зочиддоо манай хүүхэд залуус бэсрэг урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Их засварын болон өргөтгөлийн барилгын ажлыг дотоод нөөц бололцоогоо ашиглан аж ахуйн ажилчид мөн залуучуудын төвийн мужаан болон барилгын мэргэжлийн багш, суралцагч залуусын хамтаар хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн билээ.
Ийнхүү зохион байгуулсан нь зардал хэмнээд зогсоогүй харин ч мужаан болон барилгын мэргэжлийн суралцагч залуус сурсан мэдлэгээ дадлага ажил дээр гүйцэтгэх таатай боломжыг бий болгожээ. Мөн тохилог, дулаан, гэрэл гэгээтэй зааландаа хүүхэд залуус маань чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийн авьяас чадвараа нээн хөгжүүлж их спортын талбарт амжилт гаргах таатай боломж бүрдсэнд бид бүхэн баяртай байна.
Бидэнд тусламжийн халуун гараа сунгасан Герман ах, эгч нартаа баярласан талархсанаа дахин илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөж байна гэлээ.