СурвалжлагаЭдийн засагОнцлох

МБАНХ-ын зөвлөхүүд Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумдад ажиллав

Орчин цагийн хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой, эргэн мөшгөх боломжтой, чанартай түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонирхож, хэрэглэх болсон. Хэрэглэгчдийн энэхүү хүсэл, хандлагад нийцүүлэн малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих үүднээс Швейцарын хөгжлийн агенлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төслийн дэмжлэгтэйгээр, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 2015 оноос хойш  “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг хөгжүүлж байгаа билээ. 

Олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хөгжүүлж байгаа энэхүү системийн тусламжтайгаар маш сайн чанарын түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж бүрэн нээгдсэн тул үндэсний үйлдвэрлэгчид хамгийн сайн чанартай түүхий эдийг сонгон худалдан авч, олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд малчдын оролцоо чухал үүрэгтэй билээ. Энэ хүрээнд Монгол Улсын стратегийн чухал бүтээгдэхүүн болох ноос, ноолуур, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн үйл явцыг эрчимжүүлж, үндэсний үйлдвэрлэгчдийг малчидтай холбон, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой сургалтуудыг МБАНХ-оос зохион байгуулж байна.

Энэ удаагийн ээлжит сургалтыг Европын холбооны StepEcoLab төслийн хүрээнд зохион байгууллаа. МБАНХ тус төслийг 4 дэх жилдээ Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймагт амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Сургалтыг МБАНХ-ны Бэлчээр, мал аж ахуйн зөвлөх Б.Мэнджаргал, МБАНХ-ны Хоршооны зөвлөх Н.Баасанхүү, МБАНХ-ны “Малчдын байгууллагын хөгжил”-ийн зөвлөх Л.Ганцогт нар хийж, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтан соёмбо баг болон Бугат сумын Тахийн тал багийн малчдад мэдээлэл өгч ажиллав. 

Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумдад Алтайн улаан үүлдэр буюу цагаан сорт улаан ямааг өсгөн үржүүлдэг бөгөөд ноолуурын чанарын судалгаагаар өндөр үзүүлэлттэй гэгддэг аж. Тиймээс тус сумдын малчдаас цагаан сорт улаан ямааны ноолуурыг худалдан авч, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гадаадын зах зээлд нийлүүлж буй үндэсний үйлдвэрлэгч болох “Говь-Эрдэнэ” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус арга хэмжээг зохион байгуулсан юм.

Тус сургалтын үеэр малчид хэсэг бүлгээрээ хамтран Бэлчээр ашиглагчдын хэсгийн зохион байгуулалтад орж, ноос ноолуурыг нэгдсэн журмаар бэлтгэн нийлүүлэх, Малчдын хоршоо болгон өргөжин хөгжих, “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажилласанаар хоршоогоороо дамжуулан ашиг хүртэх боломжтой зэрэг олон сэдвээр мэдээ мэдээлэл өгсөн юм. 

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо нь 18 аймгийн 153 суманд салбартай бөгөөд Ногоон алт малын эрүүл мэнд төсөл болон мал аж ахуй, бэлчээрийн чиглэлээр Төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг.

Энэ удаагийн уулзалт сургалтаар нутгийн үүлдэр омог, угшлыг хэвээр хадгалж, сүргийн бүтцийн зохистой харьцааг хангаж, Монгол улсад танигдсан, олон улсын шаардлагад нийцсэн цагаан сортой улаан ямааны ноолуурын үнэлэмжийг дээшлүүлэхэд Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумдын малчдын хүчин чармайлт, үүрэг оролцооны талаар онцлон мэдээлэл өгөв. 

Тонхил сумын Алтан соёмбо багийн малчдын хувьд Малчны хоршоо байгуулахад мэргэжлийн зөвлөгөө авч ажиллахаа мэдэгдсэн юм. Харин Тонхил сумын Тахийн тал багийн Засаг дарга н.Амгаланбаатар цагаан сортой улаан ямааны ноолуурын ашиг шимийг таниулсан уулзалт сургалтыг дахин өргөн хүрээнд зохион байгуулах санал тавив.

Дараагийн удаад малчдын санал санаачлагад тулгуурлан түүхий эдийн анхан шатны хоршоодыг байгуулах, “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийн зорилго ач холбогдлыг танилцуулах, түүхий эдийн гарал үүсэл хариуцлагатай тогтвортой байдлыг баталгаажуулах, уг стандартыг хөгжүүлэх, оролцогч талуудын уялдаа холбоо хангах чиглэлд хамтран ажиллахаар тогтсон билээ.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version