Засгийн газарГадаад харилцааОнцлох

НҮБ-ын ХХАА-н байгууллагын 42 дугаар бага хуралд оролцов

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 42 дугаар бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайхан оролцож, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангах, экосистемийн үр ашгийг хүртэхэд бэлчээрийн оруулах хувь нэмрийг дэлхий нийтэд сурталчлах, бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлтийг хэрэгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” зарлах нь чухал ач холбогдолтой гэж үзэн энэхүү санаачилгыг ажил хэрэг болгохоор ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр “Дэлхийн улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулахын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийг байгаль орчинд ээлтэй хэлбэрээр сэргээх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, мал аж ахуй эрхэлж ирсэн түүхэн уламжлал, соёлтой Монгол орны хувьд ч мөн цар тахлыг хохирол багатай даван туулах, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг байгаль орчинд хал багатай ногоон хэв загварт шилжүүлэх хувилбаруудыг боловсруулан шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Үүний нэг жишээ нь Монгол Улсын Засгийн газар хөгжлийн урт хугацааны бодлогодоо “Нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах” зорилтыг дэвшүүлэн үндэсний хөтөлбөрүүд, төрөөс баримтлах бодлогодоо тусган хэрэгжүүлж ажиллаж байна. Үүнээс гадна “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” зарлахыг чухалчилж, энэхүү санаачилгыг ажил хэрэг болгоход төвлөрөн ажиллаж байна.

Манай улсын энэхүү санаачилгыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шат дараалсан хурлуудаар хэлэлцүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн, санаачилгыг дэмжиж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бүх гишүүн орнууд болон 200 орчим төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгийн хамт олонд өөрийнхөө зүгээс  болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлдэг бэлчээрийн нутаг чухал үүрэгтэй. Эрүүл бэлчээр нь эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд зохицох, бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад амин чухал үүрэг гүйцэтгэдэг тул энэхүү санаачилга нь бэлчээрийн газар нутгийн ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн байгалийн болон соёлын үнэлэмжийг дээшлүүлж улмаар бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдэд өөрсдийн соёлын тогтолцоо, уламжлалт бахархлыг ялангуяа залуучуудын дунд нэмэгдүүлж, тогтвортой байдал, ядуурлыг даван туулах, хөгжингүй болон хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бэлчээрийн зохистой ашиглалтыг нэмэгдүүлэх замаар дэлхийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, өлсгөлөн, ядуурлыг бууруулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг органик аргаар үйлдвэрлэж дэлхийн хүн амыг чанартай, эко хүнсээр хангахад “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” санаачилга нь бодит үр дүн, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.” гэсэн юм

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version