Ажлын байрны нягтралыг бууруулан ажиллаж байна
Улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/76 тоот тушаал гарч, цар тахлын эсрэг авах арга хэмжээг эрчимжүүлж байна.
Тушаалд үйлдвэрийн газрын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 30-ны өдрийг хүртэл сунгаж, үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, Гамшгаас хамгаалах штаб, Шуурхай штаб, Эрдэнэт сувиллын цогцолбор, гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар анги, гэрээт Цагдаагийн хэлтэс, гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбар зэрэг нэгж, байгууллагуудыг тусгай горимд үргэлжлэн ажиллахыг үүрэг болгосон байна.
Мөн нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгах, суурь өвчтэй, жирэмсэн, бусад шалтгаанаар дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй ажилтнуудын судалгааг шинэчлэн гаргаж, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүйгээр хөдөлмөр зохицуулалт хийнэ.
Цар тахлын халдварын шинж тэмдэгт суурилсан тандалт судалгааны багийн Эмнэлэг сувиллын цогцолборын төлөөллийг оролцуулан шинэчлэх, удаан хугацаагаар ажиллаагүй, халдварын голомттой бүсээс ирсэн тохиолдолд PCR шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд ажилд нь оруулах, үйлдвэрийн бүс, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал халдваргүйжүүлэлтийг тухай бүрд нь хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж буй байдалд хяналт тавих үүргийг Шуурхай штабт өглөө.
Харин цех нэгжийн удирдлагууд өөрийн бүтцийн нэгжийн онцлогт тохируулан халдварын хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, цех хоорондын ажилтнуудын хөдөлгөөнийг аль болох багасгах, уулзалт сургалт, уралдаан тэмцээн зэрэг олон нийтийн үйл ажиллагааг зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулах, голомттой халдварын тархалт ихтэй бүс нутагт ажилтнуудаа аль болох явуулахгүй байх, ажилтнуудын тодорхой хэсгийг ээлжээр ажиллуулах, ээлжийн амралт эдлүүлэх, нийт ажилтнуудын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах зэрэг зохион байгуулалт хэрэгжүүлнэ.
Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор заавал мөрдөх таван зарчим буюу өөрийгөө болон гэр бүлээ бусдаас тусгаарлах, хүмүүстэй өдөр бүр харьцах харьцаагаа 80 хувиар бууруулах, олон хүнтэй цуглардаг газраар явахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд бусадтай 2 метр зайнаас харьцах, агааржуулалт муутай битүү орчинд 15 минутаас дээш хугацаагаар байхгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг ухамсарлан биелүүлэхийг нийт ажилтнуудад уриаллаа.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс