Засгийн газарНийгэмОнцлох

О.Гэрэлмаа: Энэ сард Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүрэн вакцинжуулна

ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн, ахмад О.Гэрэлмаа Зэвсэгт хүчний алба хаагчид дархлаажуулалтад хэдэн хувьтай хамрагдаад байгаа болон энэ сард бие бүрэлдэхүүнийг вакцинд бүрэн хамруулна гэж мэдээллээ.

Тэрбээр: “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг ДЭМБ-аас зөвшөөрсөн “Астразенека” вакцинаар дархлаажуулах ажлыг 2021 оны 3 дугаар сарын 10-наас эхлүүлсэн. Зарим алба хаагчийн эрүүл мэндийн байдал, бие махбодын онцлогоос шалтгаалан БНХАУ-ын “Синофарм”, ОХУ ын ”Спутник В” вакцинаар дархлаажуулж байна.

ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс, анги, байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн дархлаажуулалтын нэг түр цэг, дөрвөн хөдөлгөөнт бүлгийг томилж, БХЯ, түүний харьяа байгууллага, ЗХЖШ болон Төрлийн цэргийн командлал, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиудын алба хаагчдыг “Астразенека” вакцины нэгдүгээр тунд 8 хоногийн хугацаанд хамруулсан.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй цэргийн алба хаагчид болон өмнөд бүсийн Зэвсэгт хүчний ангиудын бие бүрэлдэхүүн 3 дугаар сарын 16-20-нд нэгдүгээр тунд хамрагдсан.

Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 93 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан гэсэн үг. Үлдсэн 7 хувь нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа болон тухайн вакцины эсрэг заалттай, эрүүл мэндийн заалтаар хасагдсан бүрэлдэхүүн.

Мөн Батлан хамгаалахын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын хамтарсан шийдвэрийн дагуу өмнөд бүсийн “Таван толгой” бүлэг ордод ажиллаж байгаа уул уурхайн 10 мянга 200 ажилчныг “Синофарм” вакцины нэгдүгээр тунд хамруулах ажлыг зохион байгуулсан.

Орон нутгийн зарим анги, салбарын байрлал, алба хаагчдын үүрэг гүйцэтгэлтийн онцлог, дархлаажуулалтад хамрагдах боломж зэргийг харгалзан гэр бүлийн гишүүдийг нь вакцинжуулалтад хамруулсан. Вакцины тун хоорондын хугацаа нь 6-8 долоо хоног байгаа.

Дархлаажууулалтын  хоёрдугаар тунд хамруулах ажил 4 дүгээр сарын 30-наас эхэлсэн бөгөөд нэгдүгээр тунг хийсэнтэй адил зохицуулалтаар явагдлаа. Өнөөдрийн байдлаар хоёрдугаар тунгийн тарилга 85.6 хувьтай байна.

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн хоёр багийн бие бүрэлдэхүүнийг нэг тунт “Жонсон ба Жонсон”, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг “Модерно” вакцинаар 100 хувь дархлаажуулсан.

Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хоёрдугаар тунд 100 хувь хамруулах зорилттой ажиллаж байна.

Түүнчлэн, нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн албан байгууллага, аж ахуйн нэгжээс тавьсан хүсэлтийн дагуу ҮАБЗ-ийн тодорхой тооны алба хаагч, БНХАУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 7200 гаруй худалдаа үйлдвэрлэл эрхлэгчийг дархлаажуулсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version