Эх, нярайн тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслийн нээлт боллоо
Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн үгэндээ, Люксенбургийн Вант Улсын ЗГ, НҮБ-ын Хүн амын санд Монголын эх, үрсийн эрүүл мэндийн төлөө оруулж байгаа хувь нэмэрт гүнээ талархаж байдгаа илэрхийлээд, Люксенбургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн оруулсан хувь нэмэр нь МУ-д эхийн эндэгдлийг бууруулж, Мянганы хөгжлийн зорилтын түвшинг биелүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн цохон тэмдэглэв.
Мөн төслөөр нэвтрүүлсэн дэвшилтэд технологи нь эх, нярайн тусламжид чанарын өөрчлөлт авчирсан ба төслийн төгсгөлийн үе шатыг хэрэгжүүлснээр МУ-ын ЗГ Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх нэгэн боломж нээгдлээ гэв.
НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара Зайн оношилгооны төслийн өмнөх 2 үе шатыг хэрэгжүүлж амжилтад хүрсэн, мөн МУ эхийн эндэгдлийг Мянганы хөгжлийн зорилтын зохих түвшинд бууруулж чадсан дэлхийн есхөн орны нэг болсонд баяр хүргэлээ.
Төслийн энэ үе шатыг хэрэгжүүлж байгаа нь ялангуяа өнөөгийн эдийн засгийн бэрхшээлтэй үед төслийн ололт амжилтыг бэхжүүлэх, төслийн үйл ажиллагааг үндэсний түнш байгууллагад шилжүүлснээр тогтвортой байдлыг нь хангахад нэн чухал гэдгийг тэмдэглэв.
Зайн оношилгооны төслийн төгсгөлийн шат нь Люксэнбургийн ЗГ, НҮБ-ын ХАС-ийн 2,8 сая ам.долларын санхүүжилттэйгээр 2 жилийн хугацаанд хэрэгжих юм. Энэхүү төгсгөлийн шатны төсөл нь өмнө нь бий болсон ололт, амжилтуудыг тогтвортой хадгалах, нутагшуулах зорилготойгоор тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн байна.
НҮБ-ын ХАС 2007 оноос эхлэн МУ-ын ЗГ, Люксэнбургийн Вант Улсын ЗГ-тай хамтран МУ-ын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах гол зорилгын хүрээнд эх, нярайн чанартай тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр зайн оношилгооны төслийг хэрэгжүүлсээр ирсэн юм.
Уг төслийн үр дүнд Монгол орны хамгийн алслагдмал нутагт амьдарч байгаа жирэмсэн эхчүүд Улаанбаатар хотыг зорихын оронд онлайн сүлжээгээр эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авах, эхийн амь насыг аврах тусламж үйлчилгээнд хамрагдах боломжтой болж, 21 аймагт хэрэгжиж, МУ-ын эхийн эндэгдлийг бууруулах МХЗ-д хүрсэн дэлхийн 9 орны нэг болоход чухал хувь нэмэр оруулсан юм.