Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
Монголбанкны Хяналтын зөвлөл (ХЗ)-ийн ээлжит хурал 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цахимаар боллоо. ХЗ нь Монголбанкны захирлуудын зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих чиг үүргийн хүрээнд 2020 оны тайлантай танилцаж, Монголбанкны үйл ажиллагааны талаар сүүлийн 3 жилийн хугацаанд гадаадын байгууллага, зөвлөхүүдийн ирүүлсэн санал, дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар ХЗ-ийн зарим гишүүд болон Монголбанкны Захирлуудын зөвлөлийн гишүүн Д.Ган-Очир (Монголбанкны Ерөнхий эдийн засагч), Б.Баярдаваа (Мөнгөний бодлогын газрын захирал), Э.Анар (Төлбөр тооцооны газрын захирал) нар болон Санхүүгийн мэдээллийн албаны захирал Б.Батбаатар, Хууль, эрх зүйн газрын захирал Д.Аюуш, Эрсдэлийн удирдлагын албаны захирал Д.Баянзул нарын мэдээллийг сонсож, санал солилцов.
Монголбанкны Захирлуудын зөвлөл нь 2020 онд нийт 8 удаа хуралдаж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд 24 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөсөн байна. Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахлын хүндрэлтэй байсан 2020 онд төгрөгийн ханш, инфляц харьцангуй тогтвортой байж, гадаад валютын нөөц нэмэгдсэн, бодлогын хүү 5 нэгж хувиар буурч 6 хувь болсон, арилжааны банкуудаас Монголбанкны санхүүгийн нөөцөд төвлөрсөн хөрөнгийг оновчтой ашиглахад анхаарч дунд хугацааны репо санхүүжилтийг эхлүүлсэн, ФАТФ-ын саарал жагсаалт буюу стратегийн дутагдалтай орны жагсаалтаас хасагдсан, эрсдэлийн удирдлагыг шинэ шатанд гаргах зарим алхам хийгдсэнийг ХЗ-ийн гишүүд онцлов.
Монголбанкны санхүүгийн үр дүн, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлын түвшингийн талаар Санхүү бүртгэлийн газрын Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн захирал Ц.Энхмөрөн, Монголбанкны 2020 оны захиргааны зардлын төлөв байдлын тухай Удирдлага, төлөвлөлтийн газрын захирал Ж.Батхуяг нар танилцуулж, ХЗ-ийн гишүүд саналаа хэлэв. Мөн Монголбанкны 2020 оны аудитлагдсан тайланд Хяналтын зөвлөлийн өгөх санал дүгнэлтийн төслийг Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Чимидсүрэн танилцуулаад бусад гишүүдийн саналыг тусган УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Монголбанкны гадаад валютын нөөцийн удирдлагын хэрэгжилтийн танилцуулгыг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын хэлтсийн захирал Н.Булганхишиг хийлээ. Гадаад валютын албан нөөц цэвэр дүнгээр тайлант жилийн эцэст 2.2 тэрбум ам.долларт хүрч өмнөх онуудтай харьцуулахад нэмэгдсэн байгаа хэдий ч цаашид нэмэгдүүлэх, хамгийн багадаа 3.5 тэрбум ам.доллароос багагүйгээр нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг дээр санал нэгдэв. Одоогоор дэлхийн зах зээл дээр зэс, төмөр, нүүрс зэрэг таваарын бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байгаа хэдий ч мөчлөг дагаж савлагаа үүсдэг бүтээгдэхүүнүүд тул эдийн засгийн эрсдэл гарна гэж тооцож байхыг ХЗ-ийн гишүүдийн зүгээс анхааруулав. Мөн гадаад өрийн тодорхой хувь хэмжээтэй тэнцэхүйц валютын нөөцтэй байх бодлоготойгоор ажиллахыг зөвлөв.
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ