ЯрилцлагаОнцлохОрон нутаг

Н.Баасанхүү: “Говийн зэрэглээ” төсөл тэмээний өв соёлд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Дундговь аймгийн Хулд суманд “Говийн зэрэглээ” хэмээх нэгэн өвөрмөц төслийг хэрэгжүүлж, говь нутгийн малчин ардын мал аж ахуйн бизнесийг дэмжиж, сумандаа төдийгүй Дундговьд аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ зам нээж буй эрхэм хүнтэй уулзаж ярилцлаа.

Энэ хүнийг Намжилдоржийн Баасанхүү гэдэг. Түүнийг танихгүй, мэдэхгүй хүн Дундговьд бараг үгүй болов уу. Хулд сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. 1999 оноос хойш 10 гаруй жил Мерси Кор Олон улсын байгууллагыг удирдаж, олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинэчлэл, өөрчлөлтийг аймагтаа бий болгосон хүн юм.

-Таны хувьд Хулд сумын уугуул, олон жил төсөл хөтөлбөр дээр ажилласан туршлагатай хүн. Гэхдээ энэ төслийн хувьд санаа нь их өвөрмөц санагдсан.   

-Тийм ээ, би одоогоос 20 гаруй жилийн өмнө анх АНУ-ын ОУХА-ын санхүүжилттэй “Говийн санаачилга” хэмээх гайхамшигтай төслийг орон нутагтаа нутагшуулан хэрэгжүүлэхэд олон гайхамшигтай хүмүүстэй нэг баг болж, хамтран амжилттай ажилласан. Энэ бол миний бахарахал юм.

2015 онд Хулд суманд Швейцарын хөгжлийн агентлагийн хүмүүстэй уулзах үеэр Ногоон алт төслийн менежер, Увс нутгийн Тэсийн голын эрдэмтэн бүсгүй Ц.Энх-Амгалан сумын төвд байдаг холбооны хуучин байшинг хараад “Баска ахаа, энэ  түүхэн байшинг түшиглээд гоё ажил хийгээч, боломжтой юм байна даа” гэснээр л анх “Говийн зэрэглээ” төслийн санаа бий болж,  2020 онд төсөл боловсруулж, дэмжигдсэн.

Энэ төслийг боловсруулахад хамтран ажилласан Ц.Энх-Амгаланд нутгийнхаа иргэдийн өмнөөс баярласнаа илэрхийлэхэд үнэхээр сайхан байна.

-Холбооны хуучин байшин гэхээр “Говийн зэрэглээ” кинон дээр гардаг байшин биз дээ. Энэ киноны нэрээр төслөө нэрлэжээ. Төслийнхөө талаар танилцуулна уу?

-Тийм шүү дээ. Энэ киног бүх л хүн дурлаж үздэг, тэгэхээр Монголын бараг бүх хүний сэтгэл зүрхэнд энэ байшин хоногшин үлдсэн байгаа.

Ер нь дэлхийд байгаа хоёр бөхт тэмээний 30 гаруй хувийг Монгол оронд өсгөн үржүүлж байдаг учраас говь нутгийнхаа үзэсгэлэнт чимэг болж, өвөрмөц соёлыг хадгалсан тэмээн сүргээ өсгөж үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх нь зөвхөн монголчууд бидний ч асуудал биш дэлхийн хэмжээний анхаарал татсан чухал ажил болоод байгаа.

Тиймээс л нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бидний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдсэн энэ хуучин байшинг тэмээнийхээ өв соёлтой хослуулан төслөө боловсруулсан.

Тодруулбал, говийн нүүдэлч малчдын болон тэмээний соёлыг дэлгэрүүлэн сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгын хүрээнд аймгийнхаа Хулд сумын тэмээчдэдээ түшиглэн “Говийн зэрэглээ” төслийг загвар болгон хэрэгжүүлж байгаа хэрэг.

Төслийн хүрээнд олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч зарим ажил маань цар тахал, хорио цээр, байгалийн бэрхшээлээс болоод жаахан хойшлоод байна. Сургалт болон нийтийг хамарсан ажил хойшлогдож байгаа гэсэн үг. Бусад ажил хэвийн явж байна.

-Төслийн хүрээнд “Миний говийн гэр” гэсэн үйл ажиллагаа байсан. Энэ нь ямар учир утгатай, ямар ажил вэ, орон нутгийн иргэд энэхүү үйл ажиллагаанд хэрхэн оролцох вэ?

-Монголчууд хөдөө очиж амардаг айлаа “манай хөдөө гэр” гэдэг дээ, нэг тийм дулаахан, өөриймсгөөр. Тэр сайхан сэтгэлийг л хүмүүст мэдрүүлэх гэж бодсон юм.

Өөрөөр хэлбэл говийн тэмээ бүхий малчин  айлд 3-5 хоног сайхан амраад, энэ хугацаанд тэмээчний, малчны  амьдрал ахуйтай танилцаж, “манай хөдөө гэр” буюу “манай говийн гэр”-тэй болох боломж хүн бүрт байгаа юм.

“Говийн зэрэглээ” киноны холбооны байшин нэг талаасаа киноны натурын орчин, нөгөө талаас жуулчдын мэдээллийн төв хэлбэрээр ажиллахаар төсөлд тусгасан.

Тухайлбал, энд ирж амрахаар захиалга өгсөн гэр бүлийн аялагчдад “Говийн гэр”  Дундговь аймгийн Хулд сумаас урагш, Улаанбаатар-Өмнөговийн засмал замын дагуу 40 км-т засмал замаасаа зүүн талд ийм координатад байна гэсэн мэдээлэл өгөх юм.

Амрагч гэр бүлээрээ өөрийн дуртай хүнсний зүйл, ор дэрний хэрэглэлтэйгээ очно. Яг аялагч шиг. Амрагч хүлээн авах айл нь тэдний байрлах гэрийг бэлтгэнэ. Мал аж ахуй, эрхэлж байгаа үйл ажиллагаандаа хэрэглэх зүйлсийг бэлтгэнэ. Унах тэмээ, ингэний сүүн бүтээгдэхүүн боловсруулах технологи арга, мал аж ахуйн тоноглол хийдэг арга гэх мэт.

Тухайлбал, аж ахуйтай холбоотой эд зүйлс хийх болон “будаатай борцтой цай”, “буцалгаа” гэх мэт малчдын уламжлалт хоол унд  хийхэд шаардагдах материалыг бэлдсэн байх ёстой.

Аялагч маань 3-5 хоног тэндээ амарч, тэмээчин, малчин өрхийн аж ахуйтай танилцана. Мал аж ахуйн хөдөлмөртэй танилцаж, хүсвэл сонирхон оролцоно. Өөрсдөө хоол ундаа гэрийн эзэгтэйн заавраар хийнэ.

Ойролцоо байгаа байгалийн үзэсгэлэнт газрууд болох Цагаан суварга, Хэвтээ босоогийн агуй,  Дэл хөнжлийн уул руу өөрсдийн сонирхлын дагуу ердийн хөсгөөр болон авто аялал хийнэ. Өөрийн аж амьдралын тухай туршлага, сургамжаа малчин өрхийн гишүүдэд ярьж, сонирхолтой ярилцлага өрнүүлнэ.

-Төлбөрөө хэрхэн төлөх вэ, аялал хийхэд гарах зардал нь энэ төлбөртөө орох уу?

-Төлбөр тооцооны хувьд тухайн айлд байрласан хөлсөө ваучер буюу бэлнээр төлнө. Хоол ундны материал авах ба хийлгэвэл төлбөрийг шууд төлнө. Ойролцоо газраар аялбал аяллын хөлсөө төлнө.

Харин үйл ажиллагааны үр өгөөж нь болохоор говийн цэлгэр сайхан тал нутагт сэтгэл амар сайхан амарч, алжаалаа тайлахын зэрэгцээ малчин хүний цаг наргүй, гэхдээ гайхамшигтай ажил амьдралыг энхрий бяцхан үрсдээ танилцуулах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Нөгөө талаар тухайн малчин өрх тодорхой хэмжээний нэмэгдэл орлоготой болж, цаашид аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлэх хандлага сэтгэлгээ сууна. Өөрийгөө өөрчлөх боломж нээгдэнэ гэж харж байна.

Жирийн малчин айлын хувьд хүмүүст үйлчилгээ үзүүлэх гэж байгаа учраас хүнсний эрүүл ахуй, амрагчдын аюулгүй байдал зайлшгүй яригдах ёстой. Тиймээс төсөлд хамтран оролцох малчдад үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангасан нэмэлт тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр дэмжихийн тулд модон сав, сүү сүүн бүтээгдэхүүний сав суулга тоног хэрэгслийн дизайныг гарган захиалж, бүтээгдэхүүнийг малчдад хүргэхэд бэлэн болоод байна.

-Малчдад олон төрлийн сургалт хийж чадавхжуулах хэрэгцээтэй байх. Хэдийгээр өөрсдийнхөө аж амьдралыг бусдад харуулж, өв соёлоо таниулах гэж байгаа ч гэсэн үйлчилгээний соёл, стандарт гээд олон зүйлд суралцах хэрэгтэй юм шиг санагдаж байна.

-Хүмүүсийг чадамжтай болоход нь зайлшгүй туслах ёстой. Тэднийг мэдлэгтэй, ур чадвартай болоход нь сургаж, дадлагажуулахаас гадна хандлагаа өөрчлөхөд нь тусалж, олж авсан мэдлэг, чадвараа ашигладаг хэрэглэдэг болгох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл дадал болгох хэрэгтэй гэсэн үг шүү дээ.

Тиймээс энэ төслийн хүрээнд малчин өрхүүдэд, тэр дундаа малчин эмэгтэйчүүдэд чиглэсэн “Аялал жуулчлал-Малчин”, “Тэмээний аж ахуйг зах зээлтэй холбох маркетинг” буюу малын эрүүл мэнд, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос, “Хуримтлалтай малчин-ХЗХ”, “Чинээлэг малчин- Анхан шатны малчны хоршоо”, “Хандлага ба өөрийгөө өөрчлөхүй” гэсэн сургалтуудыг хийнэ.   

Жинхэнэ зарчимаараа ажилладаг гишүүддээ үр өгөөжөө өгдөг хамтран ажиллагаанд тулгуурладаг “Хадгаламж зээлийн ба анхан шатны хоршоо” байгуулан ажиллахад нь тусална. Баруун 7 аймагт малчдын үүсгэн байгуулсан 44 Хадгаламж зээлийн хоршоог хөгжүүлэхэд би зохих хэмжээгээр хүчээ өргөсөн туршлагаа нутагтаа нутагшуулах гэж зорьж байна.  

-Сургалт хийхийн тулд сургалтын модуль, сургалтын гарын авлага гээд бэлтгэл ажил их шаарддаг шүү дээ. Бэлэн сургалтын хэрэглэгдэхүүн байгаа юу, төслийн хүрээнд зорилтот малчдадаа зориулан шинээр гаргаж байна уу?

-Сая нэг сургалтын гарын авлага ном гаргалаа. Мэргэжлийн шинжээчдийн дэмжлэгтэйгээр төслийн зорилтот малчин өрхүүд болон “Говийн зэрэглээ” төслийн боломжит үйлчлүүлэгчдэд маркетинг хийх ба тэмээний ашиг тусын тухай “Тэмээний аж ахуйг зах зээлтэй холбох маркетинг, монгол тэмээний ашиг тус” гэсэн гарын авлага гаргалаа.

Мерси Кор ОУБ-д маш олон боловсролтой, чадвартай эрдэмтэн, мэргэжилтнүүд ажиллаж байсан. Тэдний нэг малын их эмч, мал эмнэлгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэгтэй хамтран гарын авлагыг боловсруулан хэвлүүлж, одоо нийтийн хүртээл болгоход бэлэн боллоо. Сургалтын үеэрээ малчдад өгнө.

-Аливаа ажлыг хэрэгжүүлэхэд мэдээж санхүүжилт зайлшгүй. Төсөл боловсруулж, дэмжигдсэн гэж та ярьсан. Энэ төслийг хаанаас хэрхэн санхүүжүүлж байгаа вэ?

-Швейцарын Хөгжлийн агентлагаас 56,350.0 мянган төгрөг, хандив буюу төсөлд оролцогчдын оролцоотойгоор 19,350.0 мянган төгрөг бүрдүүлж, нийт 75,700.0 мянган төгрөгөөр хэрэгжүүлнэ гэж төлөвлөн төслөө батлуулж ажлаа эхэлсэн. Харин хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 90,000.0 мянган төгрөг орчим болохоор төлөвтэй явж байна. Тэгэхээр 30 гаруй сая төгрөгийн тус дэм босгох хэрэгтэй болж байгаа гэсэн үг.

Төслийг дэмижх хүмүүс нэмэгдэж байна. Аливаа зүйл гэнэт л бүтээд, төгс төгөлдөр болно гэж юу байх вэ, болно бүтнэ гээд төлөвлөсөн ажлуудаа хийгээд, хэрэгжүүлээд явж байхад үр дүн нь зайлшгүй гарна гэж боддог. Цаашдаа нэгээс хоёр жил үргэлжлэх байх.

Хамтын санхүүжилтээр байшингийнхаа барилгыг нөхөн сэргээж засварлан, гадна хашааг сайжруулж, ногоон орчныг бүрдүүлэн “Жуулчдын мэдээллийн төв” байгуулахад 10 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Энэ мэтчилэн ажил овоо урагштай байгаа.

-Та сүүлийн жилүүдэд иргэдэд хуримтлал үүсгэх талаар олон сургалт хийж, ХЗХ байгуулсан байна. Иргэдийн дийлэнх нь төдийлөн хуримтлалтай болж чаддаггүй. Хуримтлалтай болох хамгийн энгийн зөвлөгөө өгөөч?

-Тийм ээ, би 40 гаруй ХЗХ-той хамтран ажилласан. Ихэнхийг нь байгуулахаас нь эхэлсэн дээ. Миний хувьд сүүлийн 5 жилд эх орныхоо 245 сумаар очсон, сургалтууд хийсэн.

Бид чинь нэг сайхан машинаар бартаа саад ихтэй муухан замаар яг хүрэх газартаа тулсан шатахуунтай аялж яваа аялагч шиг л амьдарч байна. Энэ аялагч нар лугаа адил нөөц шатахуунгүй явж байна. Өөрөөр хэлбэл маш их эрсдэлтэй аялж, эрсдэлтэй амьдарч байна шүү. Нөөц шатахуун гэдэг нь хуримтлал юм л даа.

Сэтгэл амар аялж яваа аялагч шиг амьдрах нөхцөлөө өөрсдөө бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэгэхийн тулд наад зах нь бид нөөц шатахуунтай болох хэрэгтэй, улмаар өөрсдөдөө болон хойч үедээ замаа засах хэрэгтэй.

Мөнгө хадгалъя, хуримтлал үүсгэе гэж боддоггүй хүн байхгүй, бүгд л хуримтлалтай болохыг боддог. Гэвч  орлого орж ирэхэд зарцуулаад үлдсэнийг нь хадгална гэж өөрийгөө хуурдаг аргыг хэрэглээд байна. Харин орлого орж ирмэгц тодорхой хэсгийг нь хадгалаад үлдсэнийг нь хэрэглэдэг тийм дадал зуршилд сурах хэрэгтэй юм.

Бид тодорхойгүй ирээдүйдээ зориулж хуримтлуулж чадвал одоогийнхоос “ИЛҮҮ ДЭЭР БОЛОМЖ СОНГОЛТ”-ыг бидэнд өгч чаддаг. Нөгөө талаар ХУРИМТЛАЛ бол ирээдүйн зорилт, хүсэл мөрөөдлийн биелэх хугацааг ойртуулж, богиносгож өгдөг. Хуримтлуулснаар орлогоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх, бизнестэй болоход боломж бүрдэнэ.

Маш энгийн зарчим бол та орлогоосоо тогтмол 10-15 хувийг хадгаламж, хуримтлалдаа, мөн нэмэгдэл орлогынхоо 50-60 хувийг хадгалдаг хуримтлуулдаг дадал зуршилтай болох хэрэгтэй.

Хэдийг олсноороо биш хэр ихийг хуримтлуулж чадсанаараа та баялгийг бий болгож чадна. Ийм л хандлагыг эхлээд хүмүүст ойлгуулах хэрэгтэй.

Яагаад хүмүүс чинээлэг болж чадахгүй байна вэ?, яагаад гэвэл ядуу амьдрах нь илүү амархан учраас тэр юм. Сарынхаа орлогын 10 хувийг хэмнэх нь амархантай АДИЛ  бүгдийг нь үрэх мөн л амархан байдаг. Орлогоо нэмэгдүүлэх амархантай АДИЛ бас мөнгө олохгүй байх нь ч амархан байдаг. Хэрэг дээрээ энэ хоёрын алийг нь сонгох вэ гэдгийг бидний итгэл үнэмшил ялгаж өгдөг байна.

Би ХЗХ байгуулахад туслахдаа хүмүүст сургалт зөвлөгөөнийхөө 1/3 хугацааг хүмүүсийн хадлагыг өөрчлөхөд зарцуулдаг юм.

-Танд хуримтлал бий болгох талаар хийсэн судалгаа, тоо баримт байдаг уу?

-Манай улс 820 мянгаад өрхтэй. Тэдний 760 мянга нь огт хуримтлалгүй. Ядаж л гурван өрх тутмын нэг нь яг өнөөдрөөс эхлэн, сар бүр 50 мянган төгрөг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа 13 сая төгрөгтэй, монгол орон 3.3 их наяд төгрөгийн үндэсний хуримтлалтай болно 

Ингэж чадвал эдийн засгийн хямралд өртөхгүй, айдгаа авдартаа хийнэ гэсэн үг юм шүү. Хуримтлал бол нэг талаасаа хувьдаа хэрэгтэй, өргөн утгаараа улс эх орондоо иргэний  оруулж байгаа хувь нэмэр юм даа.

-“Говийн зэрэглээ” төслийн талаар мэдээлэл авахыг хүсвэл хаанаас, яаж мэдэх боломжтой вэ?

-Төслийн хүрээнд дээр дурдсанаас гадна өөр олон ажил хэрэгжүүлнэ. Тэр бүгдийг та бүхэн бидний бүтээсэн https://goviinhuld.mn вебээс харах боломжтой. Тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

-Ярилцсанд баярлалаа. Төслийн тань үйл ажиллагаанд амжилт хүсье!

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
Exit mobile version