УИХНийгэмОнцлох

Г.Тэмүүлэн: Төрийн бодлого байхгүй бол цус ойртолт олширно

“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар санаачилжээ. Хуулийн төслийн талаар гишүүд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монголын төрийн зүгээс сүүлийн 30 жилд хүн ам зүйн асуудлаар бодлого чиглэл гарч байгаагүй. Хамгийн сүүлд 1991 онд БНМАУ-ын Хүн ам зүйн баримтлах чиглэл гэх баримт бичиг Ерөнхийлөгчийн зарлигаар гарч байсан. Түүнээс хойш 30 жилийн дараа бид хүн ам зүйн талаар баримтлах цогц бодлогыг өргөн барьж байна.

Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалснаар монгол хүний хөгжлийг хамгаалах улс орны хөгжлийг тэтгэх хамтад нь өргөн барьж байна. Удмын сангийн аюулгүй байдал гэдэг бол төрийн хар хайрцагны бодлого. Цаашид Израиль, Япон, Сингапур шиг оюуны потенциалтай иргэдтэй болох вэ гэдэг хамгийн чухал.

Төрийн зүгээс удмын сангийн аюулгүй байдлын асуудлыг анхаарахгүй бол цус ойртох эрсдэл үүсээд байна. Монголын бүх аймаг, сумдад хийсэн судалгаагаар монголчууд баг хороон дотроо гэрлэж байгаа үзэгдэл 85 хувьтай бол аймаг дотроо гэрлэх тохиолдол 74 хувьтай байна. Үүнээс харахад цаашид төрийн зүгээс удмын сангийн асуудлыг анхааралдаа авах хэрэгцээ шаардлага бий болсон” хэлсэн юм.

Хуулийн төсөлд 7 гол асуудлыг тусгасан. Төрийн бодлого байхгүй бол цус ойртолт олширно. Энэ нь улс мөхөх асуудал. Цус ойртолтоос сэргийлэх үндсэн гурван арга байдаг.

  • Нэгдүгээрт, угийн бичиг хөтлөх,
  • хоёрдугаарт, овог нэршлийн асуудал,
  • гуравдугаарт, хүн амын дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлогыг төрөөс гаргах зэрэг байдаг.

1990 онд угийн бичиг хөтлөх Ерөнхийлөгчийн зарлиг гарсан ч айл бүр хэвшүүлж чадаагүй. Нийт айл өрхийн тавхан хувь угийн бичиг хөтөлж байна. Өмнө нь бол хар хайрцагны бодлоготой байсан. Социализмын үед аймгийн төвүүд дээр л 9-10 ангийн сургуулиуд, арми, их дээд сургуулиуд байдаг байлаа. Хөдөлгөөн болгон өрнүүлэх ажлыг 2024 оноос өмнө хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАР:

-Хуулийн төслөөс гурван зүйлийг танилцуулъя. Монгол хүний удмын санг хамгаалах томоохон ажил өмнө нь гарч байгаагүй. Нөхөн үржихүйн асуудлыг төрийн бодлого, үндэсний хөтөлбөр болгоё гэж үзлээ. Хувь хүн гэр бүлийн асуудал биш үндэсний аюулгүй байдлын асуудал. Цус ойртолтоос сэргийлэх хамгийн зөв зам угийн бичиг хөтлөх явдал. Улс орон даяар угийн бичиг хөтлөх асуудлыг хэвшүүлье гэж үзэж байна. Хоёрдугаарт, Монголын хүн ам зүйн асуудлыг хариуцсан тодорхой төрийн нэгжтэй болъё гэж үзэж байна. Одоо бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам дээр нэг мэргэжилтэн л байдаг. Нэгжтэй болсноор удмын санг хамгаалах ажил дээр ахиц дэвшил гарна.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Энэ тогтоолын төсөлд хэд хэдэн чухал заалт орсон. Зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах цаашлаад байрных нь урьдчилгааг төлөх төлөвлөгөөтэй байна. Дээрх шаардлагыг хангасан 3600 гаруй өрх улсын хэмжээнд байна. Тус өрхүүдэд 20-30 саяын урьдчилгаа өгөх талаар Монгол Улсын Засгийн газар судалж, хөтөлбөр боловсруулах заалтыг оруулж ирж байна.

Мөн жирэмсэн болсноос нь хойш эхчүүдийг төр асарч, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаанд байлгах талаар судлахыг Засгийн газарт санал болгосон. Шилжилт хөдөлгөөний зөв зүйтэй бодлогыг тусгах болно. Гадаадад сурч боловсорсон иргэдээ эх орондоо авчирч, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах талаар саналыг дэвшүүлсэн. Сүүлийн үед архидан согтуурсан, хар тамхи, мансууруулах бодисны асуудал дээр төрийн хэмжээний бодлого гаргаж ирэх хэрэгтэй байна.

Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Exit mobile version