Гадаад харилцааОнцлох

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулав

Монгол Улсын Их хурлын 2020 оны 12 сарын 31 өдрийн хуралдаанаар батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 60 гаруй төрлийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд шинэчлэн батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг таниулах зорилгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдуудтай хамтран хуулийн танилцуулга уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдөр тус арга хэмжээг БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар танилцууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консул Заяа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр: Монгол Улсад түр болон удаан хугацаанд оршин сууж буй гадаадын иргэдийн хувьд манай улсын хууль дүрмийн талаар мэдлэг хомс, хууль тогтоомжийн талаарх мэдээллийг эх хэлээрээ авч чаддаггүй, бие биенээсээ ам дамжсан буруу ташаа мэдээлэл авдаг зэргээс үүдэн зөрчилд холбогдох, эд хөрөнгө болон бусад байдлаар хохирох асуудал гарч байна. Тиймээс Монгол Улсад иргэд нь хамгийн их оршин сууж суудаг болон хамгийн ихээр иргэд зорчдог улс орнуудын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран хууль сурталчлах, таниулах уулзалт, арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ удаад БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран энэхүү уулзалтыг хийж байна. БНХАУ-ын иргэдийн хувьд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, бүртгэлийн журам зөрчих, нутаг дэвсгэрт оршин суух үнэмлэхийг эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих асуудлууд түгээмэл гаргаж байна. Тиймээс бид Элчин сайдын яамаар нь дамжуулж тухайн улсын иргэдэд мэдээ, мэдээлэл өгөхөөс гадна, тухайн үйл ажиллагаа эрхэлдэг чиглэлийн холбоонуудаар нь дамжуулж гадаадын иргэдтэй уулзаж ямар нэгэн зөрчил гаргахгүйгээр Монгол Улсад оршин суух талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Ийнхүү хуулийг сурталчлан таниулснаар зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн энэ үеэр хууль танилцуулахаас гадна хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх, Монгол Улсад зорчих аялал жуулалчлалын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, мөн тэдний өмнө тулгамдсан ямар асуудал байгааг сонссон юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консул Заяа: Монгол Улсын үе үеийн Засгийн Газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, таатай нөхцөл бүрдүүлэх талаар олон ажлыг хийж ирсэнд талархалтай байна. Өнөөдрийн уулзалт нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо. Манай Элчин сайдын яам ч өндөр ач холбогдол өгч оролцож байна. Мөн Монгол Улсад хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгж, компаниудын төлөөлөл оролцож, хуулийн өөрчлөлтэй холбоотой асуудлаар тодруулж, тулгамдсан асуудлаа ярилцлаа. Цаашид хөрөнгө оруулах талаар улам таатай хууль зүйн орчин бүрдэнэ гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.

Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй 112 улсын 14423 гадаадын иргэн байгаагаас БНХАУ-ын иргэд 30 гаруй хувийг эзэлж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version