ЯрилцлагаОнцлохЭрүүл мэнд

Г.Нарантуяа: 60-аас дээш насныханд “шувууны хоосон үүр” нэртэй эмгэг илэрдэг

Хүн бүр өтөлж, хөгшрөх нь байгалийн жам. Зарим хүмүүс үүнтэй эвлэрч, дасан зохицож чаддаг бол заримынх нь хувьд өтлөлт, хөгшрөлт нь сэтгэл зүйн асуудал болж хувирдаг. Тэгвэл “Ахмад настны сэтгэл зүйн” талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн  1-р клиникийн тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч Г.Нарантуяа дараах зөвлөгөө, мэдээллийг өлгөө.

Ахмад настнуудын сэтгэл зүйг ярихын тулд хүн амын насжилтыг авч үздэг бөгөөд насжилтыг ерөнхийд нь гурван хуваадаг.

  • 50-64 насыг дундаж нас
  • 65-70 насыг өтлөлтийн өмнөх нас
  • 75-90 насыг өтлөлтийн нас 
  • 90-с дээш насыг урт наслалт буюу өндөр нас гэж нэрлэнэ.

21-р зууныг дэлхий хүн амын насжилттай зуун гэж нэрлэх болжээ. Тэгэхээр насжилт өндөр байна гэдэг нь сэтгэцийн эрүүл мэндэд хамгийн ихээр санаа тавих хэрэгтэй болж байна.

Монгол улс дэлхийн хүн амтай харьцуулахад нийт хүн амын  дөнгөж 3,8 хувь нь 65-с дээш дээш насныхан байдаг тул залуучууд ихтэй оронд тооцогддог.

50-аас дээш насныханд түгээмэл тохиолддог эмгэг бол цэвэршилтийн үе буюу өөрөөр хэлбэл бэлгийн үйл ажиллагаа зогсох үе. Энэ процесс ихэнх хүмүүст 1-2 жилийн хугацаанд үргэлжлээд аажимдаа сэтгэлзүйн хувьд гайгүй болдог.  Гэвч зарим нэг цөөхөн  хүмүүст арай өөрөөр илэрдэг бөгөөд сэтгэл санаа тавгүйрхэх, сэтгэл түгших цаашлаад айдас, нойргүйдэл гэх шинж тэмдгүүд илэрч болно.

Мөн 50-аас дээш насныхан хань ижлээ алдах, тэтгэвэрт гарах зэрэгт сэтгэл санааны хүнд цочролд ордог байна. Тиймээс албан газруудад энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарах насны хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих, тэтгэвэрт гарах хугацаанд болсон бол хэдэн сарын өмнө мэдэгдэх гэх мэтээр арга хэмжээ авах нь зүйтэй.

Түүнчлэн 60-аас дээш насныханд илэрдэг эмгэг бол “шувууны хоосон үүр” гэж нэрлэдэг. Энэ нь үр хүүхэд ойр дотны хүмүүс нь нас биенд хүрч, гадаад дотоодод амьдрахаар явах зэрэг дэргэдээс нь холдоход сэтгэл зүйн таагүй байдалд ордог байна. Тухайлбал, нойргүйдэх, айх, санаа зовох, юмыг дандаа сөрөг талаас бодох, мартах, гомдох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Настай хүмүүст тохиолдож байгаа энэ шинж тэмдэг бол өвчин биш юм. Түр зуурын сэтгэл зүйн хариу урвал гэсэн үг.

Ер нь настай хүмүүст тохиолддог хамгийн түгээмэл шинж тэмдэг бол нойргүйдэл байдаг. Нойрны хэмжээ нас ахих тусам багасдаг. 

Энгийн хүмүүс өдөрт 8-6 цаг унтахад хэвийн гэж үздэг бол өндөр настай хүмүүс 5-4 цаг унтахад хэвийн байдаг. Харин энэ үед нойрны эмийг хэрэглэх тохиолдол их гардаг.  

Мөн ахмад настай хүмүүсийн нойргүйдэлд үр хүүхдүүд нь эцэг эхээ тоохгүй байх, халамжлахгүй байх зэрэг нь их нөлөөлдөг. Энэ эмгэгүүд удаан үргэлжилбэл сэтгэл зүйн том том өөрчлөлтүүд орно. Тиймээс ахмад настнуудыг сэтгэл зүйгээ хамгаалахын тулд тайван байх, сайн унтаж амрах, үр хүүхдүүдтэйгээ ойр байж найз нөхөдтэйгөө хөгжилдөж, уудаг эм байдаг бол цаг тухайдаа уух хэрэгтэй.

Мөн ахмад настнууд өөрсдөө чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө туршлага, чадварыг залуустайгаа хуваалцаж, боломжоороо тэдэндээ тусалж, эсвэл ямар нэгэн дасгал хөдөлгөөн, биеийн тамир зэргийг хийж идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх хэрэгтэй.

Манай зарим ахмадууд бүжгээр хичээллэж байхад зарим нь фитнест хүртэл явж байна. Хэрвээ гэрээсээ гармааргүй байгаа бол аль болох хөдөлгөөнтэй байж адаглаад олон төрлийн шинэ хоол хийж сурч болно шүү дээ.

Эх сурвалж: СЭМҮТ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version