Ноосны урамшуулал олголоо
“Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны ноосны урамшууллыг олголоо.
Үндэсний 83 үйлдвэр, цехэд 2020 онд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 90,064 малчин, мал бүхий этгээдэд 31.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллын баримт бүртгэгдсэн. Үүнээс журмын шаардлага хангасан 78 үйлдвэрт 18,566.3 тонн хонины ноос, 676.2 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 88,669 малчин, мал бүхий этгээдэд 30.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг малчдын дансанд шилжүүлээд байна.
Санхүү, татварын тайлангийн 2020 оны мэдээллээр үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан илгээсэн зөрчилтэй 6 үйлдвэрт ноос бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдийн мөнгөн урамшууллыг тус үйлдвэрүүд санхүү, татварын тайлангаа залруулан гаргаж зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд түр хойшлууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.4 дэх заалтын дагуу үндэсний үйлдвэрүүд нь малчин, мал бүхий этгээдээс хонь, тэмээний ноос худалдан авахдаа иргэний цахим үнэмлэхийн QR кодын бүртгэлээр и-баримт үүсгэх бөгөөд тухайн малчин, мал бүхий этгээд үйлдвэрийн үүсгэсэн и-баримтыг баталгаажуулснаар 2021 оны ноосны урамшуулалд хамрагдах боломжтой болох юм.
Үндэсний үйлдвэрүүд и-баримт хэрхэн үүсгэн бүртгэх, малчин, мал бүхий этгээд нь баримтаа хэрхэн баталгаажуулах талаарх мэдээлэл, гарын авлагыг харьяа аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын алба болон mofa.gov.mn, uramshuulal.gov.mn цахим хуудаснаас тус тус авах боломжтой юм.
Урамшуулал олгох тухай гарын авлагыг энд дарж харна уу.