Түүхч, доктор, Монголч эрдэмтэн Обрушанский Борбала Анна Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн археологчид Унгарын хаант улсын гурав дахь хаан Аба Самуэлийн Абашар дахь булшийг малтаж, түүний овгийнхон Хүннүгээс гаралтай эсэхийг археогенетикийн судалгаагаар тодорхойлохоор зорилготой малтлагын ажлын явцын талаар мэдээлэл бэлтгэжээ.
Унгарын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн археологчид Унгарын хаант улсын гурав дахь хаан Аба Самуэлийн Абашар дахь булшийг 2020 оны намраас эхлэн малтсан бөгөөд судалгааныхаа явцын талаар өнгөрсөн долоо хоногт олон нийтэд танилцуулав.
Абашар гэдэг газар нь Унгарын хаадын төв, гол цэг байсан. Будапештээс зүүн хойд зүгт 90 км зайд орших Хевеш аймгийн Абашар хот нь археологийн томоохон обьект бөгөөд 1040-өөд оны үед хаан ширээнд сууж байсан Аба Самуэль хааны булшийг малтаж, түүний овгийнхон Хүннүгээс гаралтай эсэхийг археогенетикийн судалгаагаар тодорхойлох зорилготой байв.
Унгарын “Anonymus Gesta Hungarorum” хэмээх эртний шастирт Абагийнхны өвөг дээдэс нь Абашартай ойр байрлах Матра ууланд Патан хэмээх жижигхэн хийд байгуулсан тухай өгүүлдэг. Энэхүү зурагт шаштирт өгүүлснээр Аттилагийн хамгийн бага хүү нь Корошмиагаас (одоогийн Казахстаны баруун хэсэг) эхнэр авчирч, хоёр хүү төрүүлсэн байна. Энэ үеэс Унгарын анхны хаан Арпадынхны овог үүссэн гэдэг ба нөгөө салаа мөчир нь Абагийн удам угсаа юм.
Абагийн удмынхан бол Арпадын ордныхны дараах хоёр дахь чухал угсаа залгамжлагч гэр бүл бөгөөд тэд Самуэлийн нэр алдрын дор хааны орлогч гэсэн утгатай ордны анхны хэргэм зэргийг өгдөг байжээ. Тэд Аттилагийн цусан талаас гаралтай бөгөөд Гэгээн Иштван (1000-1038)-ий үед хаан ширээнд суух эрхтэй байсан нь энэ овгийнхны эрх мэдэл, хүч чадлыг харуулж байна. Абачуудын язгууртны сүлд тэмдэг нь шонхор бөгөөд Сүлд тэмдгийн шинжлэх ухаанд тодорхойлсноор титэм дээр сууж буй шонхор шувууг дүрсэлжээ. Малтлагын үеэр ийм махчин шувууг дүрсэлсэн булшны чулууг мөн XV зууны Готик сүмээс олжээ. Манай шастируудад Атилла хааны илд бамбайн дээр титэм бүхий шонхорын дүрс байдгийг тэмдэглэсэн байдаг. Энэхүү сүлд тэмдгээ Аба удмынхан Их хунтайж Гезагийн (972-997) үе хүртэл хэрэглэж байсан бөгөөд Иштван хааны үеэс Унгарын хааны сүлдэнд Арпадын сүлдний бэлэг тэмдгийг оруулсан байна. Гэхдээ Абачууд өөрсдийн хуучны сүлд тэмдгээ хадгалж байна.
Энэхүү малтлагын үеэр Гэгээн Мариаг Есүсийн хамт дүрсэлсэн дугуй хэлбэртэй хөшөөний хэлтэрхийг олсон байна. Гэгээн Мариа нь Унгаруудын төрөлх хэлээр агуу аз жаргалтай эмэгтэй хэмээх утгыг илэрхийлэх бөгөөд энэ нь хээр талын эртний Этүгэн шашинтнуудын хувьд Дарь эх хэмээх ойлголттой утга дүйх юм.
Аба Самуэль нь 1042 онд Оолфөлд уулс ба Матра уулын хормойн уулзвар дээр сүм хийдийн цогцолборыг байгуулсан бөгөөд археологчдийн таамаглаж байгаагаар тухайн цогцолборт хааны өөрийнх нь шарилын үлдэгдэл байх магадлалтай. Малтлагыг Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн археологийн газрын захирал Маколди Миклош удирдан явуулж байна.
Унгарын шастирт өгүүлснээр 1044 онд Аба Самуэль хаан нь Германчуудтай Менфо гэдэг газар тулалдсан бөгөөд тулаанд ялагдснаар Унгарын эзэн хаан зүүн тийш зугтаж байгаад Дебре хэмээх газарт алагдсан байдаг. Энэхүү газар нь Абашараас 30 км зайд орших Аба овгийн эзэмшил газар бөгөөд одоогийн Фелдебру суурин юм.
Хааны шарилыг олох нь энэхүү малтлагын хамгийн гол үр дүн байх болно. Шарилын археогенетикийн судалгаагаар маш олон зүйлийн хоорондын холбоог тодорхойлоход тусалж мөн шастирт тэмдэглэгдсэн мэдээллүүдийг бодитойгоор нотолж чадах юм.
Малтлагын одоогийн байдлаар сүм хийдийн цогцолборыг хожмын Ром болон эртний Готикийн эхэн үе (XIII зуун)-д хамааруулж болох ба XI зууны Арпадын үеийн эртний, анхны сүмүүд нэг дор үргэлжилсэн байна. XIII зууны сүм нь зүүн зүг рүү даялсан байх бөгөөд энэ нь өглөөний мөргөлөө Бурханд хандан нар мандах зүгт хийдэгтэй холбоотой.
Сүм хийдийн цогцолборын хэмжээ нь тухайн үеийн ариун шүтээнүүдтэй харьцуулахад томдоо тооцогдох ба урт нь 16 метр, өргөн нь 8 метр ба өндөр нь Ромын үеийн архитекторын үндсэн зарчим дээр тулгуурлан дотоод таазны өндөр 16 метр, гаднаа цамхагтай байх магадлал их байна.
Түүхч, доктор, Монголч эрдэмтэн Обрушанский Борбала Анна