ЯрилцлагаНийслэлFocus

Ж.Гал: 346 байршлын 20 мянган зөрчлийг арилгахаар төлөвлөсөн

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр тавьсан хайс, хашлага, шонг хуулийн дагуу буулгаж байгаа. Энэ ажил зөвхөн хөл хорионы үед хийгдэх биш, цаашид ч үргэлжлэх юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галтай ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хийж байгаа хашаа, хайс, шон буулгах ажил ямар шатанд хэрэгжиж байна вэ?

-НИТХ-ын 2019 оны  24/17 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас судалгаа, шинжилгээ хийсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын А/251 дүгээр захирамж гарсан байгаа. Үүний хүрээнд эхлээд Улаанбаатар хотын төв хэсэг буюу их тойруу, бага тойруугийн хэсэгт хашаа, хайсны журмын хэрэгжилтийг хангуулах ажил хийж байна.

Бид энэ хэсгийг 10 хэсэг болгон хувааж, судалгаа хийсэн. Судалгаагаар нийт 1730 байршилд 111.500 ширхэг буюу 12 км орчим урт хашаа, хайс байна гэсэн дүн гарсан юм. Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өөрсдийн машинаа зогсоох үүднээс шон тавьдаг, тухайн газраа түрээслэх асуудал гарч байгаа. Мөн иргэд чөлөөтэй явахад саад болж, явган хүний зам дээр шон зоосон байдаг.

Эдгээр хайс, хашаа, шонг авснаар иргэд олон нийтийн чөлөөтэй зорчих орон зай, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлж байгаа юм. НИТХ-ын тогтоолын хүрээнд 16 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хашаа, хайс зөвшөөрсөн байдаг. Эдгээр хашаа, хайс нь батлагдсан стандарт, журмын дагуу хийгдэх ёстой. Бид үүний дагуу шаардлага тавин ажилладаг.

Хайс, хашаатай байхыг зөвшөөрсөн 16 чиглэлийн байгууллагад олон улсын байгууллага, батлан хамгаалах болон цэцэрлэг, сургууль, түүх соёлын дурсгалт газрууд, бүх төрлийн ахуйн болон аюулгүйн шаардлагуудыг хангуулах зориулалтын барилга, байгууламжууд, инженерийн дэд бүтэц, үйлдвэр, агуулахын эдэлбэр газар, амралт сувилал, хүүхдийн зуслан, төрөл бүрийн зориулалтын спорт талбай багтдаг юм.

Нийслэлийн төвийн хэсэгт ийм төрлийн 370 барилга байгууламж байдаг. Дөрөвдүгээр сарын 22-ноос Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт байгаа хашаа, хайс, шонг буулгах ажил эхэлсэн. Үүний хүрээнд одоогийн байдлаар 41 байршилд 226 хашаа, шонг буулгаад байна. Хашаа, хайс буулгах ажил гурван ээлжтэй. Нэгдүгээр ээлжид буулгах 346 байршлын 20 мянган зөрчлийг арилгахаар төлөвлөсөн байгаа.

-Хашаа, хайс буулгах ажилд иргэд ямар хандлагатай байна вэ?

-Иргэд маш сайн хүлээж авч байна. Бид хийсэн ажлынхаа мэдээллийг иргэдэд түгээж байгаа. Иргэд судалгаанд ороогүй газруудын мэдээллийг бидэнд өгч, тэнд байгаа хайс, хашааг буулгахыг хүссэн хүсэлт их ирж байна. Эхлээд бид төлөвлөгөөний дагуу ажлаа хийнэ. Үүний дараа иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шат дараатай арга хэмжээ авна.

-Хайс, хашаа, шон буулгах ажлын дараа ямар ажил хийх вэ?

-Төлөвлөгөөний дагуу бид 1730 байршлын хашаа, хайсыг буулгана. Эдгээр газруудын харьяа байгууллагад мэдээлэл хүргүүлсэн байгаа. Хотын дарга ч үүрэг, чиглэл өгсөн. Хайс, хашааг чөлөөлж, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлсэн байршилд тохижилт хийлгэж, тухайн дүүрэгт хүлээлгэж өгөх талаар яригдаж байгаа. 

НИТХ-аар нийтийн эдэлбэр газруудыг баталгаажуулах ажил хийж байна. 2009 оноос хойш нийтийн эдэлбэрийн зам, талбайг бусдын эзэмшилд олгохгүй, нийтийн эдэлбэр газар хэвээр үлдээнэ гэсэн тогтоол гарсан. Энэ жилийн хувьд 22 байршлыг нийтийн эдэлбэр газарт хамааруулахаар НИТХ-д танилцуулах бэлтгэл хангагдсан.

Тухайн дүүргийн Засаг дарга нарыг нийтийн эдэлбэр газарт авсан газрыг бусдын эзэмшилд шилжүүлэхгүй хамгаалж, тохижилт хийж байхаар үүрэгжүүлсэн. Ингэснээр энэ ажлыг дахин хийхгүй, үргүй зардал гаргахаас сэргийлж байгаа юм.

-Зөвшөөрөлгүй хайс, хашаагаа буулгуулж байгаа иргэд ямар хандлага гаргаж байна вэ. Нөгөө талаас сайн дураараа хайс, хашаагаа буулгаж байгаа иргэд байна уу?

-Албан байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа хайс, хашаагаа авч байгаа. Бүх нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Зарим байгууллага хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул хөл хорио цуцлагдахаар өөрсдийн хөрөнгөөр хайс, хашаагаа буулгах хүсэлт гаргаж байгаа.

Гинжилсэн шон, авто замын хаалтуудыг чөлөөлсөнтэй холбогдуулан иргэдэд, ялангуяа жолооч нартаа дараах зүйлийг уриалж байна. Явган хүний зорчих хэсэг, авто зогсоолоос өөр газарт машинаа битгий байрлуулаарай, иргэдийн эрүүл, аюулгүй орчны төлөө соёлтой, боловсон алхам хийгээрэй.

Хашаа, хайсаар нэг хэсгийг хамгаалах мэт боловч нөгөө хэсгийн эрхийг хөндөж болохгүй. Иргэн та, бид бүгд хичээвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой. Нийтийн эдэлбэр газрын орон зай чөлөөтэй байх тусам тохижилт, ногоон байгууламж нэмэгдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version