ХАА-н салбарОрон нутаг

Баруун бүсийн мал сүргийг эрүүл болохыг баталгаажуулна

Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зорилгоор Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын арга зүйн зөвлөмж, кодод нийцүүлэн шүлхийтэй тэмцэх заавар, стратеги боловсруулж түүнийг мөрдөн ажиллаж байна.

Тус байгууллагын Газрын амьтны кодод зааснаар улс орнууд мал амьтны гоц халдварт шүлхий өвчингүй гэдгээ эпизоотологийн байдал, тэмцэх арга хэмжээний онцлог, тандалт судалгааны үр дүн, шүлхий өвчнөөс хамгаалах тогтолцоо зэрэг олон хүчин зүйлээр нотлон харуулж тодорхой бүс нутгаа “Шүлхий өвчингүй, вакцин хэрэглэдэггүй” гэсэн статустай болгохоор өргөдөл гаргаж шинжлэх ухааны хороод, Ерөнхий чуулганаар нь хэлэлцүүлэн баталгаажуулдаг.

Монгол Улс малын эрүүл мэндийг хамгаалах, малчид, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, гадаад худалдааг чөлөөтэй болгох зорилгын хүрээнд сүүлийн 11 жилийн турш баруун бүсийн 7 аймгийг шүлхий өвчнөөр эрүүл,  шүлхийн вакцин хэрэглэдэггүй бүс болгоход чиглэсэн бодлого гарган түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн мал эмнэлгийн арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.

2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын шүлхийгээс эрүүл статус албан ёсоор хүсэхэд тавигдах шаардлага, холбогдох заалтуудын дагуу сүүлийн 12 сард шүлхий өвчний вирусийн халдваргүйг нотлох ийлдэс судлалын тандах шинжилгээг явуулж үр дүнг тус байгууллагад өргөн барих баримт бичиг /доссиер/-ийг ирэх сард илгээхээр төлөвлөж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн 116 сумын 294 багийн 448 малчин өрхийн шүлхий өвчинд мэдрэг 7168 толгой (бод 1792, бог 5376) малаас шүлхий өвчний байгалийн халдвар илрүүлэх тандалт шинжилгээ хийхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд тандах шинжилгээний сорьц авах ажил энэ сарын 10-наас эхэлнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version