НийтлэлОнцлохЭрүүл мэнд

“Ковидгүй зун”-ы төлөө вакциндаа хамрагдая

Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг хохирол багатай даван туулахаар улс орнууд дор бүрдээ хичээл зүтгэл гаргаж, хөл хорио тогтоон, хил гаалиа хааж, эрүүл мэндийн салбарынхан хүн амынхаа амь нас эрүүл мэндийг хамгаалах цаг наргүй ажилд хүч чадлаа зориулж байна. Үүнтэй зэрэгцэн дэлхийн анагаах ухааны салбарын эрдэмтэн судлаачид вакцин хийхэд хамаг анхаарлаа хандуулан ажилласан билээ.

Эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг гарган авч, дэлхийн улс орнууд хүн ардаа вакцинжуулах ажлыг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Манай улсын хувьд сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлснээс хойш гурав дахь сартайгаа золгож буй.

Эмч эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагын ажилтан албан хаагчдыг шат дараатай вакцинжуулах ажлыг зохион байгуулснаар өчигдрийн 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 1.037.675 буюу 50,2 хувь нь 1-р тунд, 495 мянга буюу 24 хувь нь II тундаа хамрагдсан байна. Хүн амын дийлэнх нь амьдарч буй нийслэлийн иргэдийн 82 хувь нь I тунд, 43 нь хувь II тундаа хамрагдаад байна.

Вакцинжуулалт эхлээд хоёр сар гаруйн хугацаанд гэж тооцвол чамлахааргүй өндөр үзүүлэлт. Монгол Улсын Засгийн газраас 18-аас дээш насны хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах төлөвлөгөөг анх гаргаж байсан бол өнөөдөр 1.3 саяыг нь вакцинд хамруулжээ. Тодруулбал, зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 50 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан гэсэн үг. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 1-н гэхэд  нийслэлийн иргэдийг вакцины эхний тунд, зургадугаар сарын 1-н гэхэд орон нутгийн иргэдээ вакцинд хамруулах, 2021 оны долдугаар сар гэхэд хүн амынхаа 60 хувийн вакцинжуулна гэдгээ амлаж байв. Тиймээс тавдугаар сарын 2-оос эхлэн орон нутгийн вакцижуулалтыг эрчимжүүлэх вакцины цуваа орон нутгийг зорьсон.

Албаныхны мэдээллээр Дархан-Уул, Орхон аймгууд вакцинжуулалтаар тэргүүлж байгаа бол, тэдний араас Сэлэнгэ, Дорноговь аймгийн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгаа аж. Харин Хөвсгөл, Булган, Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Өвөрхангай, Дундговь аймгууд вакцинжуулалтын ирц бага хувьтай байгааг албаныхан сануулж байна.

Бусад улс орнууд, ялангуяа бидэнд анхны вакцин хандивласан Энэтхэг улсад нөхцөл байдал өнөөдөр ямар байгааг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Харин эсрэгээрээ бид цөөхөн хүн амтай ч вакцинжуулалтаараа тэргүүлж буй улсуудын эгнээнд явж байна. Цаашид ч вакцины нөөц хангалттай, гэрээ хэлэлцээрүүдээ хийгээд дууссаныг Засгийн газар зарласан. Үлдсэн иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж чадвал бид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сарын өмнө зарласан “ковидгүй зун”-тай золгох нь.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдохдоо дөрвөн зорилт дэвшүүлсний эхнийх нь вакцинжуулалтыг эрчимжүүлэх гэдгээ зарлаж байв. Тэрбээр “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно. Бид цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн цаашлаад нийт иргэдээ вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газрын эхний 100 хоногтоо багтаан зохион байгуулахын тулд бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна. Хүн төрөлхтөн цар тахлыг даван туулах цорын ганц зам нь вакцинжуулалт” гэж хэлж байсан.  Түүний хэлсэнчлэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 хоногтоо багтаан вакцинжуулалтаа эрчимжүүлж чадлаа. Удахгүй энэ Засгийн газар 100 хоногтойгоо золгоно. Тэд эхний амлалтаа биелүүлж, хүн амынхаа эрүүл мэндийн төлөө вакцинжуулалтаа амжилттай үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр вакцинжуулалтын цэгээр явж танилцах үеэрээ “Бид Covid-19-гүй зун гээд маш том зорилт дэвшүүлсэн байгаа. Хоёр тунг хийсэн байхад цат тахлыг дийлдэг нь үнэн бол долдугаар сарын 1-нд зорилтдоо хүрэхийн тулд шаардлагатай бүх боломжоо дайчилна” гэдгээ илэрхийлж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалав. Мөн энэ хурдаараа вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд орон нутгийн иргэдийг 20 хоногтоо батгаан эхний тунд хамруулах боломжтойг албаныхан мэдээлж байна.

Нийслэлд өдөрт дунджаар 100 гаруй цэгт дархлаажуулалтыг хийж байгаа бол тавдугаар сарын 9-өөс эхлэн вакцинжуулалтын цэгүүдийг татан буулгана гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдаж, хэвийн ажил, амьдралдаа хамтдаа орж, ковидгүй зуны төлөө иргэн бүр хариуцлагатай байх цаг иржээ. Цар тахал бол жирийн нэг ханиад биш, амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулахуйц вирус. Энэ вирус хэнийг ч ялгахгүй өвчлүүлэх тул хайртай хүмүүсийнхээ төлөө эрсдлээс сэргийлж, вакциндаа идэвхитэй хамрагдая.

Н.Гэрэл

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version